Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Содном гуайтай одоогоос арав шахам жилийн өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ярилцаж байв. Тэгэхэд “УИХ хоёр танхимтай болбол засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт очно” гэсэн байр суурийг хатуухан илэрхийлж байсан билээ. Өдгөө ч тэрбээр энэ байр сууриасаа хазайсангүй. Өнөөдөр өрнөж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал болон Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуультай уялдуулан өмнөх ярилцлагыг тодотгон уншигчдадаа хүргэж байна.
-Улс төрийн нам байх хэрэгтэй, хэрэггүй гэсэн яриа сүүлийн үед гарах боллоо. Ер нь нам байх ёстой юу, байх ёстой бол ямар байвал хүмүүсийн итгэлийг илүүтэй хүлээх бол. Төрд он удаан жил ажилласан хүний хувьд та юу гэж бодож байна?
-Улс төрийн нам миний ойлгодгоор үзэл бодлоороо нийлсэн хүмүүсийн нэгдэл юм. Би тэгж л ойлгодог шүү дээ. Харин нам гэхээр манайхан арван мянга, зуун мянган гишүүнтэй гэж ярьдаг. Тэр ч яахав, нэг талаас өөрийн намд гишүүн болж элсээч гэдэг, нөгөө талаас намын гишүүн болох зүгээр ч юм уу гэж боддог, тэгээд танай намын гишүүн байя гэсэн хүмүүсийн бүртгэл болж байгаа юм. Үнэндээ бол тухайн намын бодлого, үйл ажиллагаа олныг хамарсан нэгдэл болж чаддаггүй. Харин намын удирдлагад байгаа цөөн хүн үзэл бодлоо нэгтгэж, түүнийгээ нам гээд явдаг. Тэгэхээр нам хэрэгтэй юу, үгүй юу гэвэл хэрэгтэй. Үзэл бодол, эв эеэ нэгтгэсэн, гол нь улс орныхоо төлөө бодитой, ухаалаг бодлого гаргаж чаддаг, тэр нь ард түмний сэтгэлд нийцэж байдаг, түүнийгээ тууштай хэрэгжүүлж чаддаг тийм нам байх нь зайлшгүй хэрэгтэй болов уу.
-Үүнээс уламжлаад бодоход одоогийн манайд байгаа улс төрийн хүчнүүд нам байх шаардлагад зохицож ажиллаж чадаж байна уу, үгүй юу?
-Үүнийг л харин ихээхэн бодолцох хэрэгтэй юм. Би улс төрийн намуудын үйл ажиллагаа, одоогийн байгаа байдалд шүүмжлэлтэй ханддаг. Монгол Улсыг хөгжүүлэх цэгцтэй, алсыг харсан сайхан бодлого боловсруулчихсан, хэрэгжүүлэх ямар арга зам, төсөл хөтөлбөр байхыг тодорхойлчихсон, түүнийгээ ард түмэндээ танилцуулсан, бодлогоо боловсруулж Улсын Их хуралдаа оруулж илтгээд, Их хурал нь хэлэлцэж зүгээр нэг зөвшөөрсөн юм уу, зөвлөмж болгосон тогтоол гарах бус намуудаас гаргасан хөгжлийн бодлого, төлөвлөгөөг нь хуульчилж баталсан байдаг бол улс төрийн намын нэг үзүүлэлт юм. Их хурлын сонгуулийн үеэр намууд тус тусдаа бус нэгдсэн журмаар төсөл, хөтөлбөр гаргадаг. Тэр төсөл, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх арга замаараа өрсөлддөг байвал зөв санагдана.
-Тийм байж чадахгүй байгаа учраас одоогийн улс төрийн намуудын тухайд шүүмжилмээр зүйл байна гэж та үзэж байна уу. Тэгвэл чухам юуг нь онцолж хэлэх бол?
-Намуудыг харж байхад төр, засгийн эрхийг авна гэж л тэмцэлдээд байдаг. Гэтэл яах гэж авах гээд байна гэхээр өнөө улс орныг хөгжүүлэх цэгцтэй бодлого, төлөвлөгөө байхгүй учраас утгагүй болчихож байгаа юм. Тиймээс намуудад замын дундаас ямар хүмүүс шургалж ороод байна вэ гэхээр улсыг хөгжүүлэх бодлоготон бус засаг, төрд гарч ирж түр байж байгаад ашиг хонжоо хайх зорилготой нөхдүүд байдаг. Түүнийхээ учрыг олж, тэднээсээ зайлж чадахгүй байна. Тиймээс манай улс төрийн намууд итгэхэд их хэцүү. Намууд сүүлийн үед Үндсэн хуулийнхаа суурь заалтуудыг зөрчих болсон. Манай улс УИХ-аа дөрвөн жилд нэг удаа сонгодог. Сонгуулиар иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чаддаггүй.
Их хурлын гишүүдийг ард түмэн, сонгогчид шууд сонгох ёстой. Гэтэл нэр дэвшүүлэх эрхийг ард түмэн эдэлдэггүй, улс төрийн намууд санал болгодог болчихсон. Ард иргэд төр дэх төлөөллөө шууд сонгох ёстой байтал намуудаас нэр дэвшүүлсэн хүмүүсийн аль нэгийнх нь нэрийн урд тэмдэг тавьж сонгосон болж байгаа юм. Тэгэхээр энэ шууд сонголт биш.
2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр ард түмний шууд сонгох эрх бүр бүдүүлгээр зөрчигдсөн. Пропорциональ систем гэж нэрлэн намдаа шахаж байж саналыг нь авчихаад, намаас шууд томилдог болчихсон. Их хурлын 76 гишүүний 28 нь намаас томилогдож байна шүү дээ. Их хурлын гишүүдийн бараг 40 хувь нь ард түмнээс биш намаас сонгогдсон хүмүүс байгааг би шүүмжилж байгаа юм. Энэ Үндсэн хуулийн суурь заалт, УИХ-ын гишүүдийг сонгогчид өөрсдөө шууд сонгож байх эрхийг маш бүдүүлгээр зөрчсөн. Улс төрийн намууд төрийн эрхийн төлөө тэмцдэг, тэгэхдээ хууль бусаар тэмцэлдэж байна гэж миний шүүмжлээд байгаа нь энэ.
-Улс төрийн намын гишүүд өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн болчихоод байж байна. Тэгэхээр намын гишүүнчлэл байх нь зөв үү, буруу юу. Та юу гэж үзэж байна?
-УИХ дотор улс төрийн намын гишүүн биш хүн байхгүй байх аа. Бүгдээрээ улс төрийн намын гишүүн байгаа. Гэтэл Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Тэгвэл төрд ард түмнийг төлөөлж хэн сууж байна вэ гэвэл, 76 гишүүн байна.
76 гэдэг тоог аваад үзэх юм бол гурван сая хүн амтай ард түмнийг тэд төлөөлж чадахгүй, цөөдөж байна. 76 гишүүн бүгд улс төрийн намд хуваагдчихсан, 40 хувь нь намаас томилогдсон байна. Тийм учраас манай УИХ ард түмний төлөөлөл болж үнэхээр чадаж байна уу, үгүй юу гэдгийг эргэж харахаас өөр аргагүй. Үндсэн хуулиараа ийм юм чинь, ингэж байхаас гээд цаад суурь заалтыг нь харахгүй байж болохгүй. Ард түмний мэдэлд засгийн бүх эрхийг яаж өгөх вэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй. Үндсэн хуульд ч өөрчлөлт оруулахаас аргагүй. Би ийм л санал хэлдэг хүн байгаа юм.
-76 хүн ард түмнийг төлөөлөхөд цөөдөж байгаа бол төрийн бүтэц, тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн үг үү?
-Би энд ямар санал дэвшүүлж байна вэ гэвэл, УИХ гэдэг бүтэц байна, түүний зэрэгцээ Улсын Бага хурлыг бий болгоё. Өөрөөр хэлбэл, хоёр танхимтай парламенттай больё. Энэ манайд өмнө нь байсан. УИХ, Улсын Бага хурал гээд уламжлаад явж байсан. Одоо тэр уламжлалаа дагахгүй бол өөрчилснөөс болж олон зүйл буруу болсныг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа. Гэхдээ УИХ 300-400 гишүүнтэй байх хэрэгтэй байна. Тэгвэл төрд эрх биш ард түмнээс сонгогдсон төлөөлөл түлхүү орох болов уу. Сум болгоноос, дүүрэг бүрээс, жижиг сум, дүүрэг бол гурвыг нийлүүлээд ерөнхийдөө сум, дүүргүүдээс сонгогдсон хүн Их хуралд сууж байх хэрэгтэй. Олонх нь өөрийн сонгогдсон дүүрэгт ажиллаж, амьдардаг, УИХ-ын хувьд жилд 3-4 удаа хуралддаг байх хэрэгтэй. Сум, дүүргээс сонгосон гишүүндээ иргэд, сонгогчид нь захиа даалгавраа өгнө. Гаргаж байгаа хууль, журам нь зохицож байна уу, үгүй юу гэдгийг хэлнэ. Тэд энд баталсан хуулиа тэндээ аваачиж ярьж, тайлбарлана. Санал, бодлыг нь сонсож, нэгтгэж аваад буцаагаад Их хурал дээрээ ярина. Ингээд ард түмэн, Их хурал хоёрын хооронд эргэх холбоо бий болно.
-Бага хурлын тухайд жаахан тодруулахгүй юу, тухайлбал та ямар санал хэлмээр байна?
-Бага хурал нь байнгын ажиллагаатай, 30-40 хүнтэй, сайн хуульч, эдийн засагч, улстөрчдөөс бүрддэг байя. Тэд хуулиа боловсруулдаг, тэр нь буруу юу, зөв үү гэдгийг Их хурал нь хянадаг. Зөв байвал баталдаг, буруу байвал үүрэг өгч засуулдаг байх хэрэгтэй. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн суурь заалт ингэж хангагдана. Энд хоёр зүйлийг хэлж байгаа юм.
Нэгдүгээрт, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх ёстой, тэр заалтыг амьдралд яаж хэрэгжүүлэх вэ. Энэ талаас хоёр танхимтай парламентыг санал болгож байгаа юм. Гишүүдийг сонгохдоо намуудаар дамжиж биш ард түмэн өөрсдөө нэрээ дэвшүүлдэг, өөрсдөө шууд сонгодог болох хэрэгтэй. Намаас томилогддог гажуудыг даруй засах ёстой.
-Ганц төр ч биш, аливаа зүйлд уламжлал зайлшүй байх ёстой болов уу. Тэгэхээр сая таны ярьснаас улбаалаад төрийн бодлого, залгамж чанарын тухай яривал ямар вэ?
-Төрийн тогтолцоо, үйл ажиллагааны залгамж чанар гэвэл, миний түрүүнд хэлсэн УИХ, Улсын Бага хурал гэж байсан тухай эргэж ярих болно. УИХ нь ард түмнээс сонгогдсон олон төлөөлөлтэй байсан. Түүнийгээ бид одоо залгамж чанар болгож буцаан авах нь. Үндсэн хуулийг 1992 онд хэлэлцэж, батлахад би оролцож байсан. Тэр 430 депутатын тоонд нь орж явлаа. Хуулийн төслийг Их хурлаар хэлэлцэж байхад УИХ, Бага хуралтай байсан өмнөх бүтцээ залгамжилж цааш авч явах нь дээр биш үү гэж би санал хэлж байсан. Тэр үед шинэчилье гэсэн үзэл давамгайлсан учраас миний санал яваагүй юм. Одоо амьдрал хангалттай харууллаа, хуучин бүтцээ залгамжлах нь хэрэгтэйг хүмүүс ойлгож байгаа байх.
-Эдийн засгийн залгамж чанарын тухай ч бас ярих учиртай байх. Учир нь эдийн засаг бодлого төлөвлөлтгүй байгаа нь шүүмжлэл дагуулах болсон. Гэтэл бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг хоцрогдсон гээд орхисон. Тэгэхээр ямар гарц байна вэ?
-Эдийн засгийн салбарт хуучнаас авах юм бий шүү. Социализмын үед улс орноо хөгжүүлэх арав, 15, 20 жилийн төлөвлөгөө гаргадаг байсан. Түүнийгээ зүгээр нэг тунхаг бус ямар төсөл арга хэмжээгээр дамжуулж хэрэгжүүлэхээ төлөвлөдөг байсан юм. 1970 -1990 он хүртэл тэр бүх тооцоо бодогдчихсон байсан юм. Тухайн үед бид ЗХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудад тэр схемээ танилцуулж, тэд үзээд Монгол Улс хөгжих нарийн төлөвлөгөөтэй, түүнийгээ хэрэгжүүлэх схемээ гаргасан тооцоо судалгаатай юм байна, үүнд нь тусалъя гээд тал талаас тусламж өгч байсан юм шүү дээ.
Манайхан 1990 онд “Бид арван тэрбумын өртэй улс болжээ” гээд ярьж байсан. Үнэхээр тийм байсан. Гэтэл тэр арван тэрбумаар 1970-1990 оны хооронд маш том бүтээн байгуулалтуудыг хийсэн. Одоогийн бидний түшиж байгаа үйлдвэрлэлийн гол дэд бүтцүүд, хот хөдөөгүй баригдсан олон барилгын ихэнх нь тэр үед бий болсон. Яагаад тэр их зээл, тусламжийг авч чадсан бэ гэхээр, хэтийг харсан төлөвлөгөөг сайн боловсруулж байсны үр дүн юм.
Эдийн засгаа хөгжүүлэхэд бид юуг залгамжилж авах ёстой вэ гэвэл, хэтийг харсан нарийн тодорхой төлөвлөгөө, бодлоготой болох ёстой.
-Эдийн засгийн алуурчид орж ирлээ, манай улс эдийн засгаар бараг 100 хувь гаднын хараат болчихлоо гэх зэргээр болгоомжилсон, зарим тохиолдолд хэт туйлширсан мэдээллүүд нэлээдгүй гардаг. Бодит байдал ямар байгаа бол?
-Эдийн засаг 100 хувь гаднын хараат байна гэж хэлж чадахгүй. Эрх биш бид өөрсдийн дотоод нөөц бололцоогоор амьдарч чадаж байгаа юм бий шүү дээ. Ер нь огт хараат биш байдал руу орно гэвэл тэр худал. Ялангуяа манай улсын хувьд хоёр хөршөөсөө хамааралгүй байх аргагүй. Харин энэ хамаарлыг яаж өөрийнхөө улс руу хохиролгүй гэх юм уу, бага хохиролтой, бүр ашигтайгаар эргүүлэх вэ. Яаж хоёр хөрштэйгээ зохицож амьдрах вэ гэдгээ сайн бодож байх хэрэгтэй. Энэ чинь өнөөх засаг, төрийн зохистой бодлого, төлөвлөгөө дотор бодогддог зүйл шүү дээ.
Одоогийн байдлаас ажиглаж байхад манай улс урд хөрштэйгээ нягт уялдаатай ажиллаж байна. Энд буруу юм байхгүй. Урд хөрш маань хүчирхэг том эдийн засагтай, дэлхийд нөлөө бүхий гүрэн болж маш хурдацтай хөгжиж байна. Ийм их хурдацтай хөгжиж буй хүчирхэг гүрэнтэй хил залган амьдарч байгаа нь бидэнд харин завшаан байх ёстой. Нөгөө талаас хойд хөрш ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа анхаарах хэрэгтэй байна. Сүүлийн 20-оод жил ямар байдалд хүрчихэв гэдгээ бодитой харах хэрэгтэй. Бид 1990 оныг хүртэл бүх талаараа ЗХУ-тай хамтарч ажиллаж байсан. Өнөөдөр манай эдийн засгийн хамтын ажиллагаа хойд хөрштэй миний бодоход чамлахаар байдалд хүрчихээд байгаа. Монгол Улсаас гадаадад гаргаж байгаа экспортын тав хүрэхгүй хувь нь Орос руу гаргаж байгаа бүтээгдэхүүн. Гадаадаас импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүн дотор Оросоос авч байгаа нь 60-70 хувьтай байна. Тэр дотор бид бензин, шатахуун, нефтийн бүтээгдэхүүн голлон авч байна. Тиймээс нефтийн бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангая, үйлдвэрлэгч болъё гэж ярьж байгаа, тэр зөв. Энэ талаар манайх алхам хийж чадна. Олборлож байгаа газрын тос, нефтиэсээ түүхий эдээ хангана. Нөгөө хэсгийг нь нүүрсээ боловсруулж, шингэрүүлэх замаар хангана. Цаана нь шатдаг занарын тухай асуудал ярьж байна. Ингэж дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ.
-Тэр тохиолдолд хойд хөрштэй харилцаа, хамтын ажиллагаа ямар болох вэ?
-ОХУ шинжлэх ухаан, техникийн хөгжлөөрөө тэргүүлэх улсын нэг. Энэ салбарт маш их нөөцтэй. Эдийн засгийн хувьд ч өндөр хөгжилтэй. Манайтай бол харьцуулахын аргагүй амьдралын төвшин тэнд байна. Гэтэл төгрөгийн ханш уначихлаа.Бидний худалдан авах чадвар ам.доллар руу шилжүүлээд үзэхэд хэд дахин буучихаад байна. Тэгэхээр Оросын дундаж цалингаас манай дундаж цалин гурав дөрөв дахин буусан байна. Ингэж харьцуулж үзмээр байгаа юм.
-Эдийн засгийн асуудлаас үүдэж, та хоёр хөршийн тухай сэдэв хөндлөө. Тэгвэл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухай ямар бодолтой явдгийг тань сонсмоор байна?
-Бид улс төрийн тусгаар тогтнолын хувьд санаа зовох юмгүй болсон. Харин эдийн засгийн тусгаар тогтнол, энэ талаар бие даасан байх тухай асуудал маш чухал болчихоод байгаа. Энд миний түрүүний ярьсан хоёр хөрштэйгээ яаж эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулж, тэнцвэржүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Эдийн засгийн аюулгүй байдал, нэг улсаас хэт хамааралтай болохгүй байх тухай өөр нэг асуудал бол гадаадын хөрөнгө оруулалтын тухай юм. Хөрөнгө оруулагч нартаа их ухаан гаргаж, тухайн байгууллагатай хийх гэрээ, түүний нөхцлийг сайн хийж байх ёстой. Эдийн засгийн алуурчид орж ирнэ шүү гэж бодож сэрэмжтэй байх нь үүнтэй холбогдсон маш чухал асуудал.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Маш ухаалаг,Монгол төрийн бэлтгэгдсэн ,ахмад сэхээтэн хүн.Энэ хүний ярьж буй нь энэ 32 жилд батлагдсан шүүү одоо л ухаалаг ажиллах цаг ирсэн\n
Дэмжиж байна.
Маш зөв
ЯГ ҮНЭН \n