ОЛОН ӨНГӨ I Хүүхдүүдээсээ суралцахуй

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

Хүүхдийн сэтгэл шиг цагаан, хүүхэд шиг ариухан гэж бид ярьж, бичих дуртай улс. Гэсэн хэдий ч хүүхдүүдээ тэр бүрийд сонсож, ажиглаж чаддаггүй. Харин саяхны нэгэн өглөө бага охиноо цэцэрлэгт нь хүргэж явтал “Аав аа, энэ ах яагаад хүний явдаг зам дээр шүлсээ хаяж байгаа юм бэ” хэмээн асуув. Үнэндээ хэлэх үг олдсонгүй. Яг л намайг хэлж байгаа юм шиг санагдсан. Учир нь би ч гэсэн гудамжинд шүлсээ хаяж л орхидог. Санаатайгаар нулимаад явна гэж юу байхав.

Гэхдээ л энэ үйлдэл маань санаандгүй мэтээр илэрч гардаг дадал шахуу болчихсоныг тэгэхэд л анзаарсан.

Уурлаж, орилж байгаа хүүхдийг уурлахаа боль, уйлахаа боль гэх шавраар тоглосон хүүхэд рүү шавар шидээд үүгээр өөрийгөө цэвэрлэ гэсэнтэй адил гэсэн утгатай үгийг мөн саяхан хаа нэгтэйгээс уншсан. Яахав, ухаантай үг хэлж буй мэт харагддаг нь олширсон нийгэм ч гэсэн өнөөх л хүүхдээ ойлгож, харилцан ярилцаж чаддаггүй гэм буруутайг минь сануулах мэт болсон юм даг. Ер нь хүүхдүүдтэйгээ илүү их ярилцаж, ойлголцож байвал томчууд ч гэсэн тэднээсээ суралцдаг ажээ. Тэгэхээр зөвхөн хүүхдийн бус хүн бүрийн сэтгэл цагаан байх боломжтой. Гагцхүү томчууд бид аливаа зүйлийг үл ойшоох нь ихсэж, түүнийгээ амьдралд нухлуулсан, амьдралын төлөө гэж явсаар хэмээн зөвтгөснөөр ингэж хувьсан өөрчлөгддөг ч байж мэдэх юм.    

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top