Дамба Аюшеев: Итгэл хамбын сүмийн лам заавал МОНГОЛ ХЭЛ сурах ёстой

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 21

Оросын Буддын шашны тэргүүн, Итгэл хамбын сүмийн хамба лам Дамба Аюшеевтай ярилцлаа. Тэрбээр ОХУ-ын Буриад улсын Иволгины дацан буюу Итгэл хамбын сүмд энэ сарын 7-нд болсон “Эхэ хэлэн-манай баялиг” буриад, монгол хэлний наадмын үеэр Монголын сэтгүүлч нарыг цаг гарган хүлээж авсан юм.


-Та ОХУ-ын буддын шашны тэргүүн хамба лам болохыг огт хүсээгүй гэж хэллээ. Гэхдээ та ОХУ-ын Ерөнхийлөгч Вла­димир Путинтай шууд харилцдаг цөөн хүний нэг. В.Путин Буриад улсад хийх айлчлал бүрээ Итгэлт хамбаас эхэлдэг...

-Надад хамба лам болох санаа, мөрөөдөл ерөөсөө байгаагүй. Намайг томилчихсон юм. Би Монголд Гандантэгчэнлэн хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийг төгсөөд оточ лам болж, эмч хийж байсан. Би Төвөдийн анагаах ухаанаар мэргэшсэн. Эмч гэхээр хүн зоныг эмчлээд л явах ёстой юм. Чадалтай, мөнгөтэй, аргатай, нэртэй болоод явахыг хүсээгүй. Тийм учраас хурал ном гэдэг зүйлд нарийн ороогүй байсан. Иволгины дацангийнхаа лам байгаад л, өөрийнхөө ажлыг хийгээд, хурлаа хураад л явж байсан. Элдвийн ажил, улс төр, ноёд түшмэдтэй танил болох санаа ерөөсөө байгаагүй. Тийм л хүн байсан.

-Тэгээд хэрхэн хамба ламаар томилогдсон юм бэ?

-1990-ээд онд хувьсгал болж, өөрчлөлтийн явцад би хамба ламаар томилогдсон. Анх биднээс ах зиндааны лам нарыг бэлдэж байсан. Тэд гадаадад сурсан, тусгай бэлтгэлтэй хүмүүс байсан. Англи хэлтэй лам нар ч байсан. НАХЯ-ны хүмүүс тэднийг бэлдэж, бүх зүйл хууль журмын дагуу явагдаж байсан. Их томоотой, зөөлөн, ноёдыгоо ноёд гэж хүндэлдэг, юмнаас айдаг хүмүүсийг голдуу бэлдэж байсан. Жишээ нь, нэг үйлдвэрийн дарга болгоход бүхий л шатаар дамжуулж бэлдэнэ. Найдвартай, ажлаа мэддэг хүн тэр үйлдвэрийг удирдахад тохирно биз дээ. Тэгэхэд би бол ерөөсөө тэгж бэлтгэгдээгүй хүн байсан. Хувиараа Иволгины дацанд ирээд номлож байсан л хүн.

Би 1989-1991 он хүртэл Иволгины дацангийн эмч ламаар ажиллаж байгаад 1991 онд Балдан врайбүн дацангийн ширээтээр сонгогдсон. Тэгээд 1995 онд намайг бандид хамба ламаар сонгож, энэ албан тушаалд томилчихсон юм.

-Та буриад, монгол хэлийг хадгалж үлдэхийн тулд их хичээдэг хүн. Өнөөдрийн “Эхэ хэлэн-манай баялиг” наадмаас ч таны энэ хичээл зүтгэл харагдаж байна. Эх хэлээ хадгалж үлдэхийн тулд та цаашдаа ямар ажлуудыг хийхээр зорьж байгаа вэ?

-Бид 2014 оноос хойш буриад хэлний наадам хийж байна. Манай буриад хүүхдүүд өөрийн улсын хэлээр ярих нь их чухал. 100 жилийн өмнө бид буриад монгол зон болсон. Тэрнээс өмнө оросууд биднийг мунгал гэж нэрлэдэг байсан. Бид бүр гурван нэртэй байсан, буриад гэж байгаагүй. 1923 онд Лениний тушаалаар бид автоном болсон. Бүгд найрамдах улс болоход нэр хэрэгтэй болж, манай Ербанов гэж улаантан гэнэт хаанаас ч юм бэ буриад гэж үг гаргаад ирсэн юм билээ. Тэгж бид 100 жилийн өмнө нэг өглөө босоод ирэхдээ буриад монгол болсон. Тэгээд бид автономит бүгд найрамдах улс болсон юм.

Монгол үндэстнүүд бид эх хэлээ мартах учиргүй. Иймээс бид Итгэл хамбын дэргэдэх шашны сургууль дээр эх хэлний наадам зохион байгуулж, үүнд Буриад улсын дунд сургуулиудаас хүүхдүүд ирж оролцдог. Тэд монгол болон буриад хэлний шалгалт өгч, хэлээ хэрхэн сурснаа шалгуулж байна. Бас монгол үндэсний хувцас оёж, өөрсдийн гараар хийсэн модон эд зүйлсээ шалгуулдаг. Сургууль, сургуулиас ирсэн сурагчид дунд орос, буриад, армен, монгол гээд олон үндэсний хүүхдүүд бий. Тэд яс үндэс ямар байх нь хамаагүй бүгд монгол хэл сурах л ёстой. Сурагчид өөрсдийн гараар бүтээсэн, оёсон эд зүйлсээ монгол хэлээр тайлбарлаж чаддаг байх учиртай.

Мөн манай шашны сургуульд монгол хэлээр ярьдаг багш нар бий. Тэд монгол хэлний хичээлийг лам нарт, сурагчдад заана. Бас буриад монголчуудын уламжлалт мал аж ахуйг сэргээхэд болон үндэсний бөхийн барилдаанд онцгой анхаарал хандуулж байгаа.

-Итгэл хамбын дэргэдэх буддын шашны сургуульд долоо хоногийн хоёр өдөр нь монгол хэл үздэг юм байна. Энэ талаар дэлгэрүүлж ярина уу?

-Ялангуяа сүүлийн үед манай лам хуврагууд буриад хэлээ мэдэхээ больсон байна. Үүнээс болж буриад хэл сурахад хэцүү болсон. Жишээ нь, манай хорь буриадын хэл их өөр, 10 гаруй өөр үсэгтэй. Хорь буриадууд хэлээ зөөлөн, усны урсгал шиг болгосон. Тухайлбал, очъё явъя гэдэг үгийг зөөлөн болгохын тулд урт болгож, сунжруулж хэлээд олон үсэгтэй болгосон. Түүнийг цээжлэхэд хэцүү. Ялангуяа би хорь буриад биш байсан болохоор сайн хэлж чадахгүй. Суръя гэхэд яагаад ч чадахгүй.

Би Монголд зургаан жил болсон. Халхын хэлийг би хэдий сайн мэдээд ч цэвэр халх хүн шиг ярьж чадахгүй шүү дээ. Заавал ямар нэгэн өөр аялга байж байна. Ямар ч халх хүн намайг хэдэн үг хэлсний дараа цэвэр халх биш гэдгийг мэдэхээр байдаг.

Иволгины дацанд л гэхэд таван лам орос гаралтай. Тэд мэдээж буриад хэл мэддэггүй. Бид тэдэнд “Та нар Иволгины дацангийн лам байхын тулд заавал монгол хэл сурах ёстой гэж хэлдэг. Иймээс албаар монгол хэл зааж байна. Монгол хэлний буддын шашны томъёог зааж байгаа юм л даа. Жишээ нь, хэнгэрэг, цан, сэлэм, хүж, арц, сэржим зэрэг буддын шашны үгсийн хэрэглээ маш чухал байна. Би хурал хийлээ гэхэд шашны талаар ярина, судраа хар, унш, цангаа цохь зэргээр хэлэхэд тэр хүн ойлгох ёстой шүү дээ. Монгол хэл мэдэхгүй бол тэр хүн үүнийг ойлгохгүй. Монгол, халимаг, тува, буриад байна уу хамаагүй буддын шашны хэл нь нэг, үндэс нь нэг юм. Тийм учраас тэр хэлийг сургаж байна. Шашныхаас өөр хэрэгтэй, хэрэггүй үгний хэрэг байхгүй.

-Эх хэлний наадам эхлэхэд та цугларсан олныг “Та нар монгол хүмүүс. Эх хэлээ мэдэх үү, буриад хэлээ, монгол хэлээ мэдэхгүй бол ухаан муутнууд” гэж загнаж байсан...

-Бид монгол хэлээ мэдэхгүй бол ухаан муутнууд шүү дээ. Тиймээс л би та нартай уулзаж, буддын шашны сургааль ямар гүн агуулгатай болохыг харуулж, нэгнээр нь эртний сургаалийн утга агуулгыг монгол хэл рүү буулгуулж шалгаад сууж байна /тэрбээр манай медиа группийн эвлүүлгийн найруулагч С.Энхбатад буддын шашны сургаалийг хэлж бичүүлээд монгол хэл рүү зөв хөрвүүл гэв/.

Буддын шашны сургаалийн агуулга нь маш гүн юм. Магадгүй та нар ч мэдэхгүй, энэ тэнэг буриадууд ойлгохгүй /тэрбээр хажууд нь байсан буриад хүмүүсийг заав/.

-Өнгөрсөн өвөл Ромын пап лам Франциск буриадуудыг Украинд хамгийн зэрлэг бүдүүлэг байлдаж байгаа хүмүүс гэж хэлэхэд та өмөөрч, хариу өгсөн. Энэ талаар яривал?

-Ромын пап Франциск юугаа мэдэх вэ дээ. Хажууд нь байсан хүмүүс л тулалдаан болж байгаа газар маш сайн тулалдаж байгаа нь буриад зон, чеченүүд байна гэж хэлсэн байх. Буриадууд зоригтой, зэрлэг маягтай хүмүүс байна, сайн цэргүүд байна гэж цаад талаас нь хэлсэн байгаа лдаа. Тэгээд Ромын пап буриад, чеченүүдийг муухай зэрлэгүүд, хүнийг хайрлахгүй гэж хэлсэн. Мэдээж би буриад хамба лам болохоор түүнд хариу хэлсэн лдээ. “Та, Ромын пап лам, биднийг Чингис хааны цэргүүдийн үр удам, ямар ч дайнд оролцохдоо ширүүн, сайнаар оролцох түрэмгий зантай хүмүүс гэдгийг ойлгохгүй байна. Буриадуудын энэ чанарыг нь өөрчилж болохгүй. Бид цаанаасаа тийм хүмүүс. Дайн болоход хуучны Чингис хааны цэргийн зан авираа харуулна” гэж хэлсэн юм.

Би түүнд хариу өгөхдөө бид нэг талаар Чингис хааны цэргүүд, нөгөө талаар Сибирийн хүйтэн газар амьдардаг хүмүүсийн зан авир өөр шүү, хүйтэн газар байсан хүмүүсийн зан авир ширүүн, аливаа зүйлд тэсвэртэй болдогийг хэлсэн. Европын зөөлөн цаг агаарт байсан хүмүүсээс тэс ондоо гэж хэлсэн. Би гэхдээ заавал зөвхөн буриадуудын тухай бус Сибирьт байсан бүхий л хүмүүсийн тухай хэлсэн. Якут, тува, орос гээд бүгдийнх нь тухай хэлэхэд тэр ойлгоогүй. Би буриад, чеченүүдийг л аврахын төлөө тэгж хэлээгүй. Сибирийн хүйтэн газарт байсан хүмүүсийн зан араншин бүгд адил шүү л гэж хэлсэн.

-Ромын пап лам хариуд нь ярьсан зүйлдээ уучлалт гуйсан байсан...

-Бүү мэд. Түүний хариу уучлалт гуйх энэ тэр нь надад ямар ч хамаагүй.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цулдамба(103.57.95.101) 2024 оны 08 сарын 09

ө нсагмн. г г хг

0  |  0
Хатанзориг(103.57.95.101) 2024 оны 08 сарын 09

ёнанхгхг

0  |  0
putinii aluurchin bu(192.82.83.156) 2024 оны 08 сарын 09

orosiin daind yawj uhdeg teneg buriaduud, deern eh helee medehgui

3  |  2
Элбэгдоржид(202.55.188.120) 2024 оны 08 сарын 09

Саихан юм бээ..90 оноос хоиш бид эх хэлээ зөв хэрэглэхгүи удаж бна..урд цустаи ардчилал нэртэи Элбэгдоржийн монголд шургуулсан хор одоо ч хэвээрээ бга шүү\n.

1  |  2
Мандуул(59.153.115.149) 2023 оны 05 сарын 09

Буриадууд бол нохой санаалсан, ер нь л цаашаа харсан улд

2  |  7
Оюутан(66.181.188.209) 2024 оны 01 сарын 18

Анх Эрхүүд очоод хэл мэдэхгүй, хаана юу байдгийг ч мэдэхгүй гудамжинд явж байсан 2 монгол хүүхэн дээр очоод монголоор асуухад ярвайгаад харах ч үгүй зөрөөд өнгөрч байж билээ. Тэгсэн буряадууд байсан юм билээ. Олон буряадуудтай дайралдаж, 1 байранд цуг амьдарч байсан ч ойртож нөхөрлөж байсангүй. Тэд өөрсдийгөө монгол гэж боддогчгүй дээр нь монголчуудыг дорд үздэг юм билээ. Харин оросуудтай бол найзалж ч, зодолдож ч, ууж ч явлаа. 90 ээд оны эхэнд л дээ. Одоо ямар болсон юм мэдэхгүйээ

9  |  4
чимэддорж(124.158.66.153) 2023 оны 05 сарын 09

100 гаруй жилийн өмнө ”бурят” гэж нэр байгаагүй Ербанов санаачлан нэгэн өглөө бид буриад-монгол болж таарсан гэв 1957 онд Хрущев монгол гэдэг үгийг нь хассан Одоо Оросын этнологч эрдэмтэн Веселовская монгол гэж улс үндэстэн байгаагүй гэж батлахыг оролдож байна.Монголчууд оросыг эзлээгүй гэжээ.Алтан орлон улс бол туркууд гэжээ.Монголчууд оросуудын зүрхэнд нь шар ус биш цус хуруулсан нь одоо хүртэл айх үндэс болж байна.Путин буриадуудыг салгаж өөр өөр мужуудад харъяалуулав.Агын тойргийг устгав

5  |  0
zochin(192.82.67.120) 2023 оны 11 сарын 19

Өвөр монголчууд монгол бичгээ сайн мэддэг монголоороо эртний монгол аялгаар ярьдаг бол монголчууд орос крил үсгийн аялагаар ярьдаг юм. Оросын балгаар оросын буриадууд, халимгууд буриад хэлээ улам бүр мартаж байна. Оросоор л ярдаг. Халимгууд гэсэн адил оросоор ярьдаг. Эх хэлээ цөөн хэсэг нь л мэддэг.

5  |  2
зочин (43.228.130.188) 2023 оны 05 сарын 09

том улсын цөөнхийн жижиг иргэн байх хэцүү. Бурхан өршөөг. бурханы шавийн ажлаа л сайн хийхэд л болно л доо.

6  |  0
ЗОЧИН(192.82.82.191) 2023 оны 05 сарын 09

ОРОСЫН БУРИАДУУДЫН ХУВЬД МОНГОЛ ХЭЛ БИЧИГ МӨХӨЖ БУЙ !!! ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИЙНХОН НЬ ТАРХИ НЬ БҮРЭН ОРОСЖСОН !!! ИТГЭЛ ХАМБА БУДДЫН СУРГААЛЬ НОМЫНХОО ЭСРЭГ УКРАИНЫГ ТҮРЭМГИЙЛСЭН ДАЙНЫГ ДЭМЖИН СУРТАЛЧИЛЖ ОЛОН БУРИАД МОНГОЛ ЗАЛУУСЫГ ТУРХИРАН ДАЙНЫ МАХНЫ МАШИНД ИЛГЭЭХЭД ИХ ХУВЬ ОРУУЛСАН НҮГЭЛТЭН !!!

5  |  8
Зочин(103.57.93.43) 2023 оны 04 сарын 24

Маш зөв. Монгол буриад хэлээ огтхон ч мартаж үл болно

16  |  0
бурхан өршөөг(192.82.65.180) 2023 оны 05 сарын 09

том улсын цөөнхийн жижиг иргэн байх хэцүү. Бурхан өршөөг. бурханы шавийн ажлаа л сайн хийхэд л болно л доо.

8  |  0
Top