Монгол спортын эрдэмтний ном англи хэл дээр гарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 04 сарын 21

Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн оюутны спортын холбооны (АОСХ) дэд Ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч, доктор, дэд профессор Д.Жаргалсайхан нь Казахстаны спорт, аялал жуулчлалын академийн Ерөнхийлөгч, АОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор, академич К.Закирьяновтой хамтран  "Азийн  оюутны спортын хөдөлгөөний 30 жил" түүхэн номыг 2023 оны дөрөвдүгээр сарын 18-нд шинээр хэвлүүллээ.

Номын редактораар  нь АОСХ-ны Ерөнхий зохицуулагч Яан Юуетон, МОСХ-ны гадаад харилцааны захирал Ж.Энхнаран нар ажиллан, хянан тохиолдуулжээ.

Зохиогч энэхүү номоо Азийн оюутны спортын холбоо байгуулагдсаны 30 жилийн (1992-2022 он) түүхт ойн баярт зориулан бүтээсэн ба АОСХ-ны Ерөнхийлөгч, БНХАУ-ын иргэн, доктор Шуй Янчин болон Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Швейцарийн иргэн Леонц Эдер  нарын зэрэг хүн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Зохиогч, доктор Д.Жаргалсайхан, академич К.Закирьянов нар нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үер спортын байгууллагуудаас гадаад, дотоодод явагддаг тэмцээн наадам, бэлтгэл сургуулилт зогсонги байдалд орсон цаг хугацааг ашиглан энэхүү англи хэл дээрх номоо бичжээ.  

"Азийн  оюутны спортын хөдөлгөөний 30 жил"-ийн номын нээлт нь 2023 оны 05 дугаар сарын 7-8-ны өдөр АНЭУ-ын Дубай хотноо болох Азийн оюутны спортын холбооны 30 жилийн ойн баяр, тус холбооны XII дугаар Ерөнхий Ассамблейн Чуулганы үер болж, 40 орчим орны 100 гаруй төлөөлөгчид оролцоно. Зохиогчид энэ номондоо Азийн оюутны спортын хөгжлийн 30 жилийн түүхэн материалыг оруулсан. Ном нь гурван бүлэгтэй. Үүнд:

Нэг. Азийн оюутны спортын холбооны 30 жилийн түүх, үйл ажиллагаа (1992-2022 он). Зохиогч энэ хэсэгтээ АОСХ-ны үйл ажиллагааг гурван арван жилд хуваан үзэж, тухайн үед хийсэн ажил, арга хэмжээний тухай багтаасан. Энэ хэсэгт түүхийн  ховор зураг, материалууд ч ихээр орсон байна.

Хоёр. Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдийн тухай (2005-2021 он) энэ бүлэгтээ 24 спортын төрлөөр явагдсан, 54 тэмцээн бүрийн тухай мэдээлэл, зургийг оруулжээ. Тэмцээний статистик, тооцоо судалгаа, улс орнуудын оролцоог нэгтгэн, дүгнэсэн байна. Түүнчлэн тухайн тэмцээнд шилдэг оюутан тамирчны сэтгэгдлийг авч, тусгажээ.

Гурав. “Азийн оюутны спортоос дэлхийн оюутны спортын хөдөлгөөнд оруулсан хувь нэмэр” гэсэн бүлэгт  анх ОУОСХ нь 1949 онд байгуулагдсан үеэс эхлэн Азийн орнуудын оролцоо хэр байсан, дэлхийн Универсиад наадам, дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Ази тивийн орнуудын оюутан тамирчдын оролцоо, Азийн тамирчдын тогтоосон дээд амжилт, хүртсэн медалийн тоо, судалгаа Ази тивийн орнуудад явагдсан өвөл, зуны дэлхийн Универсиад наадам, дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний тухай өгүүлсэн юм.

Доктор Д.Жаргалсайхан энэ номоо бичихийн тулд олон зуун мэдээ, мэдээлэл, зураг, баримт материалыг гадаад, дотоодоос олж авч, цуглуулах, судлах, харьцуулах, орчуулах, гадаад редактораар хянуулах, эх бэлтгэх, засах, хэвлүүлэх зэрэгт сүүлийн гурван жил гаруйн цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулан бүтээсэн байна.

Зохиогч өмнө нь 2014 онд “Оюутны спорт, Универсиад наадам” ном, 2016 онд академич К.Закирьяновтой хамтран орос хэл дээр “Студенческий спорт и Всемирные Универсиады” ном, 2020 онд “Монголын оюутны спортын түүхэн хөгжилт” номоо  хэвлүүлэн гаргаж, дэлхий болон тивийн оюутны спортын хөгжлийн түүх, олон улсын болон Ази тивийн оюутны спортын холбооны ажил, үйл ажиллагаа, дэлхийн оюутны “Универсиад” өвөл, зуны наадам, оюутны ДАШТ-ий түүхийн талаар бичиж байсан нь энэхүү номоо бэлтгэн гаргахад туршлага болж, гадаадын түнш нар ч түүнд итгэн, энэхүү номыг зохиох  эрхийг удаан хугацаанд ярилцсаны эцэст олгон, шийдвэрлэжээ.
 


Энэхүү номын эхийг бэлтгэхэд МОСХ, АОСХ, ОУОСХ-ны ажилтанууд ихээхэн тусалцаа үзүүлсэн ба хэвлэлийн эхийг Г.Эрдэнэбилэг захиралтай “Шиги” ХХК-наас дэмжлэг үзүүлэн “Сод пресс” ХХК-нд бэлтгэн, номын хэвлэлтийн ажлыг Казахстаны спорт, аялал жуулчлалын академи бүрэн хариуцан Алмата хотноо хэвлүүлсэн байна. Ном нь өнгөт хэвлэлээр “А-4”-ийн хөндлөн цаасан дээр, 304 нүүртэй, 38 хэвлэлийн хуудас хэмжээтэй бүтээл болжээ.

Ийнхүү Монголын спортын эрдэмтэн нараас доктор Д.Жаргалсайхан "Азийн  оюутны спортын хөдөлгөөний 30 жил"-ийн тухай өгүүлсэн бүтээлээ хамгийн анх, англи хэл дээр бүрэн, бие даасан, нэгэн сэдэвт номыг хэвлүүлэн гаргаж байгаагаараа чухал онцлогтой болж, манай эрдэмтний судалгаа, бүтээл, тив, дэлхийд үнэлэгдэж байгаагийн бодит нэгэн жишээ энэ болж байна.

Энэхүү номыг уншиж, судлахыг хүсвэл зохиогчын зүгээс “Улсын төв номын сан”-д зохих тооны хувийг бэлэг болгон үлдээж, оюутан, багш нар, спортын холбоо, клубүүд, бусад спортын байгууллага, тэдгээрийн дасгалжуулагч, сурган хүмүүжүүлэгч, арга зүйч, судлаач нар, биеийн тамир, спортын салбарын удирдах ажилтан, спортын сэтгүүлчид, ард иргэдийн хэрэгцээннд зориулан уншиж судлах, өргөн бололцоог нээн өгч байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top