Нэрт бийч, бүжиг дэглээч, Монгол Улсын Гавьяа жүжигчин Б.Дугараагийн нэрэмжит “АЛТАН ӨВ IV” наадам дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Хөгжимт Драмын театрт зохион байгуулагдах гэж байна.
Тус наадам нь 2015, 2017, 2019 онуудад бий биелгээ, МУГЖ Б. Дугараа гуайн дэглэн найруулсан бүжгүүдээр зохион байгуулагдаж байсан бол энэ жил дэглэлт бүжиг болон бий биелгээ төрлүүдээр 600 гаруй оролцогчидтой явагдах гэж байна.
Б.Дугараа нь Баруун Монгол, Ойрад, Эх үрийн зол заяа, Гэрэлт хөшөө, Улаан наран, Хүрмэн хүү, Сансарт зочилсон нь, Урианхай, Торгууд, Аксал, Казак, Анчин бүргэд, Уйгар, Адуучин, Цэцэг нуурын хошуунд бүжиг, Молдав, Орос зэрэг бүжгэн жүжгүүдийг уран бүтээлч нөхдийн хамт дэглэж эх орныхоо өнцөг булан бүрт хүргэж нийтийн хүртээл болгохоос гадна олон улсын тавцанд Монгол уламжлалт бүжгийн орчин цагийн бүжгийн урлагтай холбон дэлхийн тавцанд гаргаж байжээ.
1989 онд Б.Дугараагийн Ардын бүжгийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Монгол Улсын Гавьяат жүжигчин цол”-оор шагнагдаж байсан бол түүний хүү, Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Дугараагийн Алтанхуяг 2005 онд “Монгол Улсын гавьяат бүжигчин” болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )