Алдар нэр, нэр хүндтэй хамт ирдэг хөрөнгө мөнгө заримдаа жинхэнэ эзэндээ хүрэхгүй байх тохиолдол бий. Дэлхий дахиныг байлдан дагуулж эхлээд буй к-поп ертөнцөд ч мөн энэ мэт сүүдэртэй тал олон.
Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын хороо саяхан шинэ хуулийн төсөл баталсан. Уг хуульд энтертайнментуул жилд нэгээс доошгүй удаа уран бүтээлчдэдээ олсон орлогынхоо дэлгэрэнгүй мэдээллийг тайлагнах тухай заажээ.
Уран бүтээлчид санхүүгийн асуудлаас үүдэн агентлагтайгаа маргах тохиолдол цөөнгүй бий. Энэ удаад агентлагтайгаа маргаан үүсгэсэн 5 алдартныг онцолж байна.
1. И Сын Ги
Саяхан батлагдсан хууль нь И Сын Ги болон "HOOK" энтертайнментийн хооронд үүссэн маргаанаас үүдэн гарсан хууль юм. И Сын Ги өнгөрсөн 18 жилийн турш нэг ч удаа дуунаас олсон орлогоосоо мөнгө авч байгаагүй тухайгаа мэдээлсэн. Энэ хугацаанд ойролцоогоор 10 тэрбум вон авах ёстой байсан И Сын Гиг агентлагийнх нь захирал Квон Жин Ян "хасах орлоготой дуучин" хэмээн итгүүлсэн байсан нь олны эгдүүцлийг хүргэжээ.
2. Сун Жи Хю
Жүжигчин Сун Жи Хю "Uzurocks" агентлагтайгаа цалингаа цаг тухайд нь өгөөгүй гэх асуудлаар маргаан дэгдээсэн. Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн тус агентлагт ажиллаж эхэлсэн Сун Жи Хю хоёр сар цалингаа өгөөгүй гэх шалтгаанаар гэрээгээ цуцлахаар шийдсэн гэнэ. Тус агентлаг санхүүгийн хүндрэлтэй байдалд орсны улмаас 10 гаруй ажилтнаа халжээ.
3. Choo
2022 оны намар дуучин Choo 2021 онд ямар ч орлого олоогүй тухайгаа ярьсан нь олон нийтийг цочирдуулсан. Хүссэн зүйлээ ч идэж чадахгүй хэмжээнд хүрсэн тэрээр ходоод, гэдэсний асуудалтай болж эмнэлэгт хэвтэхэд хүргэсэн гэнэ.
4. Бүжигчин Noze
"Street women fighter" шоунд оролцсноосоо хойш алдартай болсон бүжигчин Noze 2022 оны арванхоёрдугаар сард "Starting House" агентлагаа шүүхэд өгчээ. Шүүх хурал дуустал гэрээгээ хүчингүй болгохыг шүүгчээс хүссэн тэрээр хэдэн сарын турш цалингаа авч чадаагүй байна.
Агентлагийн зүгээс Noze-ийн мэдээлсэн мэдээнээс үүдэн алдагдалд орсон учир санхүүгийн асуудлыг нь шийдэж чадахгүй хэмээж байсан ч удалгүй хоёр тал тохиролцоонд хүрч асуудлаа нэг тийш нь цэгцэлж чаджээ.
5. Хун Жи Ён
"Miss Trot 2" шоуны хоёрдугаар байрт шалгарсан тэрээр хуучин агентлагтайгаа мөн л санхүүгийн маргаан үүсгэсэн. Хун Жи Ёний фен кафегаас агентлагийнх нь захирал мөнгө завшсан байж болзошгүй тухай мэдээлэл өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Энэхүү мэдээллийн хариуд агентлагийн захирал нь түүнийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгчээ. Шүүхэд дуудагдсан Хун Жи Ён төлөвлөсөн бүх ажлаа зогсоож, хуваарийн дагуу ажиллах боломжгүй болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )