Энэ сарын 25-нд Канадын иргэншилтэй нэгэн Өмнөд Солонгост гоо сайхны мэс засал хийлгэснийхээ дараа нас барсан гэх мэдээлэл анх Их Британийн Daily Mail-д нийтлэгдсэн билээ. Нас барсан гэх эрэгтэй "BTS" хамтлагийн гишүүн Жиминтэй ижилхэн болохын тулд 12 удаагийн гоо сайхны мэс засалд орсон. Мөн эрүүний мэс засалд орсныхоо дараа хагалгааны хүндрэлээр нас барсан гэх мэдээлэл гарсан бөгөөд уг мэдээлэл дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ.
Үүнээс нэг өдрийн дараа тус мэдээлэл хуурамч, Өмнөд Солонгосын гоо сайхны эмнэлэгт Канадын иргэн нас барсан гэдэг нь нотлогоогүй учраас энэхүү мэдээллийг эргүүлэн татаж эхэлжээ.
Saint Von Colucci хэмээх 22 настай эрэгтэй үнэхээр байдаг эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд түүний менежер гэгдээд байгаа Эрик Блэйк гэх эрхэм ч мөн амьдарч байсан гэх ямар ч ул мөргүй байгаа гэнэ.
Сөүл хотын цагдаагийн хэлтсээс ийм хэрэг гараагүй тухай мөн мэдээлжээ. Одоогоор Өмнөд Солонгост суугаа Канадын Элчин сайдын яам уг хэргийг нарийвчлан шалгахаар ажиллаж байна гэжээ.
Нэгэн сэтгүүлч Daily Mail-с нийтэлсэн дээрх мэдээллийг хиймэл оюун ухааны бүтээсэн мэдээлэл байж болзошгүй тухай дурджээ. Тэрээр хиймэл оюун ухаанаас бүтсэн энэ мэт мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тархаж эхэлсэн нь цаашид аюултай нөхцөл байдалд хүргэж магадгүй тухай дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )