Төрийн шагналт, Ардын зураач Ү. Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны Анима сургуулийн 30 жилийн ойг угтан гаргаж буй онцгой (аутизм, дауны синдром, тулгуур эрхтний болон сонсголын бэрхшээл, бодит бус сэтгэлгээ) суралцагчид, төгсөгч нарын “Чин зүрхний анир” үзэсгэлэн 2023 оны 04 сарын 29-нд 16 цагаас нээлтээ хийж, 7 хоногийн туршид урлагийн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн зохион байгуулагдах гэж байна.
Үзэсгэлэнд тус сургуулийн нийт 30 уран бүтээлч төгсөгч болон оюутнуудын 50 бүтээл тавигдаж буй билээ. Тусгай хэрэгцээт, ертөнцийг өвөрмөц онцгой өнцгөөр хардаг уран бүтээлч, оюутнуудын чин зүрхнээс гарч буй мэдрэмж, олон жилийн хичээл зүтгэл чадвараар зарим тохиолдолд яриа хэлээрээ ойлгуулж чадахгүй өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо нийгэмд өргөж буйг илтгэн “Чин зүрхний анир” хэмээн нэрлэжээ.
Дүрслэх урлаг, дизайны “Анима” коллежийн түүхийг сөхвөөс 1995 оны босгон дээр сонсголын бэрхшээлтэй оюутнуудтай ажиллаж эхэлснээр цаашид олон хэлбэрийн тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй(аутизм, дауны синдром, тулгуур эрхтний бэрхшээл, бодит бус сэтгэлгээ) болон нийгмийн эмзэг бүлгийн оюутнуудад зориулсан урлагийн боловсрол, мэргэжил олгох хөтөлбөрүүдийг боловсруулснаар хөгжихөд бэрхшээл байхгүй гэдгийг үйл хэргээрээ батлан харуулж буй билээ.
Дээрх онцлогтой оюутан, суралцагчдын хувьд хүрээлэн буй орчиндоо дасаж, нийгмийн харилцаанд орж чадахгүй байх, санхүүгийн хувьд бие даан амьдрахад экосистем бүрэлдээгүй, нийгмээс ирэх дарамт шахалтын улмаас сэтгэлзүйн асуудалд орох гэхчилэн олон бэрхшээлийг даван туулж буй тул эдгээр уран бүтээлч, суралцагч нарыг зоригжуулах, урам өгөх зорилготойгоор тус үзэсгэлэнг зохион байгуулж буй билээ.
Сэтгэгдэл ( 0 )