Монголын урлагийн зөвлөлөөс жил тутам зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам найм дахь удаагаа ирэх сарын 23-30-нд зохиогдох гэж байна.
Энэ удаагийн наадамд зургаан улсын нийт 17 уран бүтээлч нийслэлийн гурван байршилд уран бүтээлээ толилуулах аж. Тайванийн Засгийн газрын дэмжлэгтэй, Тайпэйн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар болон Монгол дахь Гёте институттэй хамтран “Монтаж” сэдвийн дор зохиож буй VIII “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмын куратораар Тайвань улсын уран бүтээлч Чю Чи Сэн ажиллажээ.
Тавдугаар сарын 23-нд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэгдэх нээлтийн үзэсгэлэнд Герман, Тайвань, Япон, Франц, Монголын уран бүтээлчид бүтээлээ толилуулна. Мөн “Улаан гэр” галерейд тайвань, америк уран бүтээлчдийн оролцсон үзэсгэлэн 5-р сарын 19-нөөс олон нийтэд нээлттэй дэлгэгдэх аж. Наадмын хамтран зохион байгуулагч Монгол дахь Гёте институтээс санаачилсан “Urban Walk” төслийн уран бүтээлч Б. Мэнд-Амарын бүтээлийг мөн үзэж сонирхох боломжтой.
Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, дэвшилт технологийг танилцуулах, дэвшингүй техник, хэв маяг бүхий медиа бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх замаар орчин үеийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах нь уг наадмын зорилго юм. Уран бүтээлчдийн чадварыг нэмэгдүүлж, медиа урлагийн хөгжлийг хурдасгах зорилгоор наадмын хүрээнд хэд хэдэн лекц, сургалт зохиох аж.
Тодруулбал, таддугаар сарын 19-нд “Шинэ медиа урлаг болон технологи” сэдэвт сургалт, 22-нд “Буддын урлагийн дүрслэл” сэдвээрх лекц явагдах бөгөөд 27-нд “Тайванийн контемпорари урлаг” сэдэвт сургалтаас гадна уран бүтээлчид болон үзэгчдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг болохоор төлөвлөгджээ.
Тавдугаар сарын 30-нд “White Rock” төвд Франц, АНУ, Тайвань улсын дөрвөн уран бүтээлчийн 360 градус дэлгэцийн бүтээлүүдийг толилуулснаар наадам өндөрлөнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/UBIMAF/ пэйж хуудас болон http://artscouncil.mn/ хуудсаас авна уу.
Куратор: Чю Чи Сэн (Тайвань)
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Тавдугаар сарын 23-29
Улаан гэр галерей, Тавдугаар сарын 19 - Зургаадугаар сарын 9
White Rock центр, Тавдугаар сарын 30
Илтгэгчид: Лай Пэй Чун & Яао Жуй Чун (Тайвань)
Сэтгэгдэл ( 0 )