Ж.Баасанжаргал: Хаврын улиралд хүмүүс эрүүл мэнд, гоо сайханд ээлтэй чулуун эдлэлээр их гоёдог

2023 оны 05 сарын 04

Байгалийн чулуугаар урласан үнэт эдлэл, гоёмсог дизайнтай аксессуар дэлхийн зах зээл дээр эрэлттэй хэвээр байна. Бүсгүйчүүд үнэт металлаар бус байгалийн эрчим хүч, энергиэр өөрийгөө гоёж, илүү чамин тансаг, үнэ цэнтэй харагдахыг илүүд үздэг болжээ. Тиймээс Монголынхоо нэрийг дэлхийд сурталчилж яваа “URAN jewelry” брэндийг үүсгэн байгуулагч, гоёл чимэглэлийн дизайнер Ж.Баасанжаргалыг “Өглөөний зочин”-оор  урилаа. 


-Монгол үндэснийхээ хээ угалзыг байгалийн чулуу, үнэт металлтай хослуулж урлана гэдэг хэзээ ч хоцрогдохгүй шийдэл байх. Энэ санаагаа анх хэзээ ажил хэрэг болгосон бэ?

-Хоббигоо ажил хэрэг болгоод, 15 жил болж байна. Хамгийн анх энэ бүхнийг хүсэл сонирхлоороо хийж эхэлж байлаа. 10 мянган төгрөгөөр 0.4 мм хэмжээтэй, 100 ширхэг усан болор худалдан авч цөөн тооны ээмэг бөгж урлаад, түүнийгээ найзууддаа үзүүлтэл бүгд худалдаад авчихсан. Зарим нь бүр өөртөө тохирсон загвар дизайнтай гоёл чимэглэл урлаж өгөөч гэж гуйгаад, захиалгаа өгөөд эхэлсэн.

Энэ бүхэнд нь урамшаад дахин гоё загвартай бүсгүйчүүдийн гоёл урлах гэж хичээсээр, өнөөдрийн “URAN jewelry” брэндийг үүсгэн байгуулж байжээ. Хүн хичээвэл бүх зүйл болж бүтдэг. Өнөөдөр манай “URAN” брэндийг хүн болгон мэддэг болжээ. Хийж буй бүтээлдээ сэтгэл оюунаа зарцуулж хүнд хүргэнэ гэдэг сайхан. Нөгөөтэйгүүр, өөрийн хийж буй бүтээлдээ монгол өв уламжлалаа шингээх гэж монгол хээ угалз, үндэсний урлагаа багагүй судалж, сурч мэдсэн зүйлээ бүтээлдээ шингээж урласаар “URAN” брэндийн өнгө төрхийг бүтээсэн байна.

-Хоббигоо ажил хэрэг болгоно гэдэг гайхамшигтай зүйл. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж амьдрах нь хамгийн аз жаргалтай зүйл гэдэг биз дээ? 

-Тэгэлгүй яах вэ, өдөр бүр тэр аз жаргалтай мэдрэмжийг мэдэрнэ гэдэг гайхамшигтай зүйл. Хамгийн анх хийсэн бүтээл маань ээмэг бөгж, толгойн гоёлоор эхэлж байлаа. Хөдөө орон нутагт илүү борлуулалт сайтай байдаг байсан. Ялангуяа баяр наадам, хурим найрын саруудад  эрэлттэй байдаг байсан. Ингэж л миний хобби ажил минь болж, мөрөөдөл минь бага багаар биеллээ олж эхэлсэн. Би тэр үед монгол үндэсний хээ угалзыг гоёл чимэглэлийн зүйлсээр дамжуулан урлаж, түүнийгээ орчин үеийн загварт оруулж, зөвхөн дээл дээр биш европ загварын ямар ч төрлийн  хувцсан дээр зохицдог байхаар урлаж хийдэг байлаа. Мөн энэ  бүтээлээ дэлхийн зах зээл дээр гарах монгол брэнд байгаасай гэж  зорьж ажилласан. Одоо “Uran jewelry” брэнд маань таван салбар дэлгүүртэй, хот хөдөө, гадаад дотоодоос зориод ирдэг олон үйлчлүүлэгчтэй болсон.

-Дэлхийн бүх юмс технологжиж байна. Гар урлалын бүтээл, байгалийн юмс илүү натур, үнэ цэнтэй харагддаг болжээ. Үндэсний хээ урлагийг сурталчлах нь бас хэзээ ч үнэ цэнээ алдахгүй шинэ санаа гэж бодогдож байна?

-Монгол үндэсний хээ угалз маш гайхамшигтай, гүн гүнзгий утга агуулгатай. Хээ тус бүр нь  онцгой утгыг илэрхийлдэг. Жишээ нь, өлзий хээг монголчууд урт насалж, удаан жаргахын бэлгэдэл гэж үздэг бол “URAN хээ” нь голын зоосон болон таван нүдэн хээ нь дөрвөн зүгээс ирэх аюулаас хамгаалах  өсөж арвижих, элбэг, баян байх гэсэн утгыг илэрхийлдэг.

Мөн өгөөмөр баян, саруул тунгалаг байхыг билэгддэг. Зүүсэн эзэндээ “Элбэг хангалуун, хээнцэр ганган” амьдралыг билэгддэг. Тэр утгаараа монгол үндэснийхээ өв соёлыг таниулан сурталчлах,  хойч үедээ уламжлуулан үлдээх нь бидний үүрэг. Тиймээс бид олон улсад болдог гоёл чимэглэлийн үзэсгэлэнд жил бүр оролцдог. Манай бүтээгдэхүүнийг гаднынхан их сонирхож авдаг. Дээрээс нь “URAN jewelry” загварууд нь ажил хэрэгч, чөлөөт, өдөр тутмын болон гоёлын, үндэсний гээд бүх хувцсанд төгс зохицдог. Байгалийн чулуугаар урласан бүтээлүүд учраас хүмүүс  гоёл чимэглэл, зүүлт гэхээс илүүтэй  эрүүл мэнд, гоо сайханд эерэг, энергитэй гээд их авдаг.  

-Та хүүхэд байхын гар урлалын бүтээл сонирхдог байв уу. Яагаад заавал байгалийн чулуугаар бүтээл урлах болов?

-Би хүүхэд байхаасаа л гар урлал сонирхож, гоёл чимэглэл урлаж сурсан. Энэ хүсэл сонирхол минь намайг чулууны ертөнц рүү хөтөлсөн. Мөн манай ээж гар урлал хийдэг хөдөлмөрч хүн байсан. Ээжийн минь үргэлж шинийг сурч авах гэсэн хичээнгүй зан чанар  надад нөлөөлсөн болов уу. Миний урласан бүтээлүүд бусдын сэтгэлд нийцэж байхад түүнээсээ урам их авдаг. Миний хувьд өөрийн хийсэн загвараараа үргэлж ялгарахыг боддог. Гараар гоёл урладаг хүн их ажигламтгай, тархиа байнга ажиллуулдаг болохоор хурдан сэтгэж, бүтээлийнхээ санааг хайж явдаг. Харин сүүлийн үед манай загваруудыг, бидний хийсэн бүтээлийг дуурайлгаж хийсэн хуурамч бүтээгдэхүүн олон гарч, хэрэглэгчдийг хохироож, төөрөлдүүлж байгаад харамсдаг. Тиймээс бид өөрсдийнхөө байгалийн жинхэнэ цэвэр чулуун бүтээгдэхүүнүүдийг лабораторийн шинжилгээнд хамруулж байж хэрэглэгчийн гар дээр хүргэдэг. 

-“URAN jewelry” брэнд түүхий эд материалуудаа хаанаас авдаг вэ. Хүмүүс байгалийн чулуу маш нарийн учир утгыг билэгддэг гээд жинхэнэ ориг чулуун эдлэл их хайдаг шүү дээ?

-Манай чулуу цэвэр байгалийн гаралтай. Бид Тайланд, Япон, Солонгос зэрэг олон улсын үзэсгэлэнд оролцохдоо хамгийн чанартай чулууг сонгож, харилцагчаа сонгодог. Тэд манай захиалгын дагуу байгалийн чулуу нийлүүлдэг. Мөн бид эх орныхоо ховор нандин, үнэт чулуугаар бас бүтээлүүдээ урладаг. Ажил мэргэжлийнхээ чиглэлийн дагуу би өөрөө ч бас чулууны нэр төрөл, онцлог шинж чанарыг их судалдаг. Байгалийн чулуу бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, энергитэй, хүнд нөлөөлөх нөлөөлөл нь хүртэл өөр байдаг.

-Тухайлбал?

-Жишээ нь, ногоолин чулууг нярай хүүхдийнхээ өлгийд хийж, нүдэнд үл үзэгдэх  муу зүйлээс хамгаалдаг. Улаан маныг эрүүл мэндийн чулуу гэдэг. Биндэръяа үнэнч дурлалын бэлгэдэл болдог. Сувд эмэгтэй хүний зовлонг нимгэлдэг, урт удаан, аз жаргалтай амьдралыг бэлгэддэг. Мөн настай хүмүүс терагерц чулууг сонгож зүүхэд сайн. Цусны даралт бууруулахаас гадна соронзон долгионыг саармагжуулдаг. Барын нүд эр хүний хийморийг бадраадаг бол эмэгтэй хүнд эрүүл мэндийн чулуу болдог гэх мэт. Тиймээс зарим хүмүүс өөрт ээлтэй, сайн гэсэн чулуугаа бариад гоёлын зүүлт, ээмэг хийлгэх гээд ирдэг.

-Гадаа хаврын урь ороод, охид бүсгүйчүүд гэлтгүй залуучуудын хамгийн дэгжин улирал ирж байна. Залуусын хувьд загварын сезон нь  эхэлж байна гэж ойлгож болно. Хүмүүс яг өдийд ямар чулуун гоёлыг их  сонирхдог вэ?

-Хүмүүс цаг үе, улирлын байдалдаа зохицуулж гоёлоо сонгодог. Жишээ нь, хавар хүмүүс ажил үйлс, эрүүл мэнддээ анхаарч өөрт ээлтэй ордны чулууг их сонгодог. Харин шинэ жилээр өөрт ээлтэй үнэт чулуун эдлэлийг өөрийнхөө өмсөх хувцасны өнгө, үсний засалт зэрэгтэйгээ хослуулж зүүдэг.  Зарим чулуу дотроо бөмбөлөг, од гариг, эрхэсийн хэлбэртэй, байгалиасаа чамин тогтоцтой байдаг. Ийм чулуун ээмэг зүүлтийг үнэт металлтай хослуулж, илүү чамин загвар дизайнтай болгож өгөхөд ямар ч хүнийг  үнэхээр төгс, үзэсгэлэнтэй, үнэ цэнтэй, тансаг харагдуулж чаддаг.

Байгалийн чулуу ямар ч хүнд хувцаслалтаас ч илүү үнэ цэн, гоо үзэсгэлэнг өгч чаддаг. Тиймээс. Байгалийн чулуу нь хавар зун, намар өвөл гэлтгүй жилийн аль ч улиралд, өмсөх хувцас, өнгө зүсэнд тун донжтой зохицож өгдгөөрөө онцлог. Үнэт чулуун эдлэлээр гоёсон хүн үзэсгэлэнтэй, үнэ цэнтэй харагдахаас гадна стиль имиж, загварын мэдрэмжтэй, залуулаг донжтой харагддаг. Дээрээс нь өөрийнхөө ээлтэй чулуугаар гоёсон хүмүүс сайхан энергиэр цэнэглэгдэж, эрч хүчтэй, азтай одтой, амжилттай явдаг. Байгалийн чулууны энерги, өгөгдөл гайхамшигтай шүү дээ.

-Дизайнер бүсгүй маань баяр болгоноор олон сюрприз дэлгэж, охид бүсгүйчүүдийг баярлуулдаг. Энэ удаа ямар шинэ мэдээлэл дуулгах вэ?

-Энэ жил бид “Хаврын сюрприз” гэсэн урамшуулалт  аяныг зарласан байгаа. Энэ хүрээнд үйлчлүүлэгчдээ д өөрийнх нь сонгосон гурван бүтээгдэхүүнд үнийн дүнгийн хөнгөлөлт эдлэх эрх бэлэглэхээр зэхэж байна. Мөн хөнгөлөлтийн ваучер олгоно. Манайх “URAN jewelry”  брэндээ 30 төрлийн чулуугаар урладаг. Хавар цагийн урамшуулал болгож, манайх олон гоёмсог шинэ загварууд, шинэ коллекци, аксессуарыг дэлгэж байгаа. Хөдөө орон нутгийн хэрэглэгчдэдээ “Монгол шуудан”-гаар дамжуулан хүргэлтээ хийж байна. Тиймээс урлаг соёлын байгууллагууд, бизнесийн байгууллагууд манай “URAN jewelry” брэндээр оны шилдгүүдээ шагнаж урамшуулахаар захиалгаа ирүүлээд байна. Манай брэнд бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдэд ч гэсэн Монголоороо гоёсон, тухайн хүний үнэ цэнийг нь өсгөсөн гоёмсог брэнд байх болно гэдгийг хэлмээр байна. Та бүхэн хайртай, дотны хэн бүхэндээ ямар ч цаг үед бэлэглэхэд байгалийн үнэт чулуун гоёл зүүлт хамгийн чамин, үнэтэй гоёмсог бэлэг байх болно гэдгийг хэлье.

-Танайхаар олны танил эрхмүүд байнга үйлчлүүлдэг. Чулуун гоёлын фэнүүдээсээ танилцуулж болох уу?

-Чулуун гоёлд дуртай, шинэ загвар бүрээс минь сонирхож авдаг үнэнч хэрэглэгчид олон бий. Олны танил уран бүтээлчдээс гэвэл залуу уран бүтээлч, рок попын ковер дуучин О.Тулгаа, Усны дагина Ука, гавьяат жүжигчин С.Өлзийхүү, Аглуу буюу Л.Баттулга, жүжигчин Б.Мишээл, гавьяат дуучин Б.Сарантуяа, “Киви” хамтлагийн Б.Намуунаа, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Ичинхорлоо, залуусын хамгийн сайн таних жүжигчин, телевизийн хөтлөгч Э.Ууганбаяр болон нэрийг нь дурдаагүй олны танил, олон үнэнч үйлчлүүлэгчтэй. Бид бүх уран бүтээлчдэдээ талархаж  явдаг шүү гэж хэлмээр байна.

Б.ТУУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top