Шүүхээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан, яллагдагч Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгажээ.
Нүүрсний хэргээр хоригдсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн баасан гарагт /2023.05.05/ цагдан хорих хугацаа дууссанаар батлан даалтаар сулласан байдаг.
Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЗ/275-т дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал ирүүлснийг хүлээн авахаас татгалзаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Тэгвэл уг шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2023 оны тавдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын гомдлын хүлээн авч, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан яллагдагч Б.Ганхуягийг “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2023 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Хэргийг сануулахад, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 2022 оны арванхоёрдугаар сард "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг саатуулсан байдаг. Тус хэрэгтэй холбогдуулан тухайн үед нэр бүхий хүмүүст цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байв.
Одоогоор тэднээс "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг өнгөрсөн нэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар сулласан бол “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдыг 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр суллаж, Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарласан байдаг.
Сэтгэгдэл ( 0 )