Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын Байнгын товчооны Нарийн бичгийн дарга бөгөөд Гэр бүлийн эрх зүйн багийн ахлагч Лаура Мартинез-Мораг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Хатагтай Лаура Мартинез-Мора Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүсэлтийн дагуу Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Хүүхдийг хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай 1993 оны конвенцын хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулахаар Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд уулзалтын үеэр талууд Монгол Улсын нэгдэн орсон болон нэгдэн орохоор судалж буй Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын конвенциудын талаар санал солилцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо олон улсын хувийн эрх зүйн харилцаа Монгол Улсад улам бүр өргөжиж, хил дамнасан бизнес, гэр бүл, өв залгамжлал, олон улсын шинжтэй маргаан шүүхэд хянан шийдвэрлэх явдал нэмэгдэж байгаатай холбогдуулан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээг өргөнөөр хэрэглэх практикийг хэвшүүлэхийн ач холбогдлыг дурдаж, манай улсын зүгээс тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг илэрхийлэв.
Мөн уулзалтын үеэр тус яамнаас хувийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран боловсруулж буй талаар дурдаж, хүүхдийн эрхийг хамгаалахад эрх бүхий байгууллагуудын чадавхыг сайжруулах болон байгууллага хооронд уялдаа холбоотой ажиллахын ач холбогдлыг онцоллоо.
Сэтгэгдэл ( 1 )
хүүхэд үрчлүүлэх асуудал гэж бхгүй шүү балайнуудаа