Азийн ОСХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Монголын иргэн сонгогдлоо

2023 оны 05 сарын 09

Азийн оюутны спортын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Монголын иргэн сонгогдлоо. 

Азийн оюутны спортын холбооны (АОСХ) 12 дугаар Ерөнхий Ассамблейн Чуулган нь 2023 оны 05 дугаар сарын 5-9-нд АНЭУ-ын Дубай хотноо амжилттай болж өнгөрлөө. 

Чуулганы үеэр тус холбооны 2023-2027 онд ажиллах шинэ Гүйцэтгэх хороог сонгон батлав.

АОСХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д. Жаргалсайхан сонгогдон батлагдсан байна. Тэрээр өмнө нь тус байгууллагын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. 

Тус Гүйцэтгэх хороо нь 13 гишүүнтэй ажилладаг. Холбооны Ерөнхийлөгчөөр БНХАУ-ын иргэн Лю Лишин сонгогдсон ба хэд хэдэн албан тушаалд шинэ нэр дэвшигч нар ялалт байгуулж, бүрэлдэхүүний 50 орчим хувь нь өөрчлөгджээ. 

Ийнхүү Ази тивийн 41 орны төлөөлөгчдмйг эгнээндээ нэгтгэсэн олон улсын спортын томоохон байгууллагад Монголын иргэн дэвшин сонгогдсон нь манай улсын Оюутны спортын холбооны үйл ажиллагааг тив дэлхийд үнэлэн үзсэн үйл явдал боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Олон улсад(85.99.110.95) 2023 оны 05 сарын 10

Энэ мэт олон улсад үзэх хэрэгтэй

0  |  0
Top