1. МЭДЭЭЛЛИЙН ЗУУНЫ МАНЛАЙ
Улс эх орон минь өдрөөс өдөрт өөдөө тэмүүлж, хөгжил мэдээллийн зуунтай зуузай холбон уралдсаар, өөдрөг бодолтой нэгэнд сайхан сэтгэгдэл төрүүлж байдагт баяртай байдаг. Хүний ажил амьдралын дуртгал дурсамжид үлддэг зүйл заавал байдаг. Тэр бол Монголын Үнэн сониныг, гурван үе таван голомтоороо 102 жил захиалж, уншиж, мэдлэг оюунаа, мэдээллийн хурдаа нөхдөг, түүний захиалагч уншигч гэвэл үнэнд ойртох буй заа. Монголд анх сонин хэвлэл хувьсгалын анхны өдрөөс мэндлэхэд нэг Үнэн төрсөн түүхтэй.
Үнэн улсын хөгжилд үнэ цэнтэй их хувь нэмрээ оруулж, ямар ч төр засагтай ямар бодлого зарчимтай байсан ч ямар нийгмийн тогтолцоотой байлаа ч ард түмний залуур ч нь байж, тухайн үеийн Монголын нийгэмд үүссэн “Хаврын хачиг” мэт маш олон сонинуудын “Эцэг” байх, тэр үүргээ ч маш сайн биелүүлсэн “Оюуны талх” гэж боддог дүгнэдэг юм. Монголын “Үнэн” гэгч оюун мэдээллийн их айлын голомт, Монгол Улсдаа мөн ч олон тэргүүн сурвалжлагч, сэтгүүлчид, бас эрдэмтэн судлаачид, бичигч, туурвигчдыг, одоо байгаа Монголын дотоодын ихэнх сонинуудыг өөрийн гал голомтоос өрх тусгаарлан “айл гэр бүл” зохиолгосон ачтан гэвэл үнэнд ойртох түүх билээ.
Сонин хэвлэл, радио телевиз, цахим хэрэгслийн мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, бодлого, хайш яйш ухаан тааруу, бодлогын тал нь гэмтэлтэй сэвтэй байгаач, “Үнэн" шиг цэх шулуун, зөвхөн хүмүүсийн сайн сайханы тусад ганцхан хүн төвтэй үзэл, ард түмнийг нэг зүг тэмүүлэх эв нэгдлийн баринтаг болон, огтхон ч хувирахгүй, хуучрахгүй яваа ганцхан мэдээллийн хувьсал мөн гээд хэлчихвэл, нөгөө муу МАН-аа магтсан болохгүй л байх бодит үнэн нь “Үнэн”-ий хувьд яг тэр билээ. Үнэн сониныг тогтвортой, талархалтай, тууштай захиалдаг, түүнийгээ уншдаг, тийм ууган захиалагчдын тоо цөөрч байгаад, тэр тусмаа үнэн сониноо санадаг ч үгүй, захиалдаг ч үгүй яг энэ сонины эрхэм бүтээгдэхүүн, эд эс болсон зарим нөхдийг бүр тодорхой хэлбэл,
Одоогийн засаг төрийн эрхэм дээд байгууллагад албан тушаал эрхэлж, амьдрал залгуулж яваа түшээд, элч, дарга эрхлэгчдийг хараад ахмад уншигчид бид гайхширдаг. Ядахдаа “Үнэн”-ий хуудаснаас элдэв хор хов, улстөржилт, бусдыг муулан мунхагласан нэг ч үг олддоггүй “Төв” сонин. Энэ сонин дээр зөвхөн бидний ажиллаж, амьдарч байгаа нийгэм улс төр, эдийн засгийн бодлогоос гадна, нийгмийн өнгө төрх, сайн зүйлийг үнэхээр чадамж харуулан бичиж нийтэлдэг нь таашаал таалалд нийцдэгийг хэлсү. Монголын Үнэн сонин, хэдийгээр эрх барьж байгаа МАН-ын сонин гэх нэртэй ч уламжлалаа хадгалан, нийтлэлийн бодлогоороо ч уншууртай байх талаараа ч, нийт ард олны хэрэгцээт сонин хэвлэл байсаар байна. Орчин үеийн сонин хэвлэлийг манлайлж яваа нь бодит үнэн билээ.
2. ТОГТВОРТОЙ ЗАХИАЛАГЧ НЬ “БИД”
Тэртээ 1971 онд МХЗЭ-н 50 жилийн ойн жил аавынхаа даалгаснаар Монголын Үнэн, тэр үеийн нам, засгийн төв хэвлэлийг анх захиалан уншигч нь болсноос хойш 52 жил болж байна. Тэгвэл Үнэн сониныг захиалан унших бүрийдээ түүний алтан хуудаснаас хүний амьдралын ээдрээ төвөгтэй, бэрхшээлтэй, баяр жаргалтай, сайн сайхан хүмүүний оюуны амтат талх болох олон зүйл төрлийн сэдвийг амтархан уншиж, нийгмийн амьдралын цаг үеийн мэдлэг мэдээллийг өөртөө нааж явсанаас, түүний хуудаснаас “муу” мэдээ, “муухай” үг нэг ч уншиж байсангүй. Энэ бол Үнэн сониныг захиалагч, уншигчийн том бахархал билээ. Үнэн гэдэг нэрдээ зохисон төвч голч үнэн зөв замын залуурч сонин гэж хүндэтгэж явдгийн тод илрэл биз. Тийм учраас Монголын Үнэнг эс уншваас идэх хоол шиг дутагдал болдог тийм сэтгэл зүйн онцлогтой уншууртай сонин болжээ.
Энэ бол хувь хүний нэг онцлог юм. Над шиг ийм онцлогтой захиалагч, уншигч олон байгаа байх гэж итгэдэг. Энэ сониныг захиалж уншихгүй бол ямар нэгэн зүйлийн дутмагшилтай мэт байдгаа нуугаад яах вэ. Үнэнтэй нөхөрлөсөн 50 гаруй жил тасралтгүй тогтвортой захиалагч уншигч нь байснаар миний оюунд их мэдлэг, мэдрэмж, хүүрнэл, хэлэмж, сургамж, дурсамж өгчээ гэж боддог. Үнэн сониныг унших бүрийд нь уншиж байх урам баяр баясгалан шинэ мэдээлэл өгч уншигч надыг цаг ямагт баяр баясгалан сэтгэл зүйн таатай байдалд байлгадаг юм. Тэр тусмаа улс хувьсгалын 100 ойн жилд Үнэн сонин өөртөө маш том өөрчлөлт, шинэчлэлт хийснээ уншигч захиалагчдадаа зарлаж улмаар МАН-ын 30 дахь Их хурлын үеэр 24 нүүртэй агуулга баялаг төгс нийтлэл бичвэртэй одоохондоо Монголдоо бараг байхгүй цоо шинэ шинэчлэгдсэн сонин болж байгаа тухайгаа бодит байдлаар уншигч бидэндээ хэлсэн.
Тэргүүн нүүрэндээ сонины эрхлэгчийн тодорхой сэдэл бүхий зурвас нийтэлсэн захиалагч уншигч, бичигч захиалуулагч хүргэгч идэвхтэн бидэнд үнэн сонинд итгэх итгэлийг улам гүнзгийрүүлж жинхэнэ уншигчдыг баярлуулсан сонин болсныг хэлэхэд таатай байна. Үнэн сонин оюуны өндөр чадвартай санаачлах бүтээх чадвар бүхий залуусын багаар шинэ сониноо, захиалагчдадаа олон нүүртэй шинэ сонгомол нийтлэлийн хүртээлтэй бодлогоор үйлчлэх Монголын сонин хэвлэлийн тэргүүн нийтлэлтэй сонин болох нь ээ гэсэн баярт сэтгэлээр үнэнтэйгээ учирч байгаад захиалагч, уншигч бид баярлаж явдаг. Хүн сайн аав ээжийн үр болсондоо баярладаг, бас сайн багшийн шавь болсондоо бахархдаг, тэдэндээ мөргөн залбирч бишрэн шүтэж явдаг шиг оюунд минь асар их хүч дэмжлэг өгч цаг ямагт шинэхэн туйлшралгүй зөв зөөлөн үнэн гол ч мэдээлэл өгдөг амьдралын багш өдөр тутмын залуурч Үнэн тандаа баярлаж явдгаа хэлье ээ. Тийм ч учраас би нэгэнтээ Монголын үнэн сониндоо түүний 100 насны ойгоор Унаган, Ууган, Уншууртай, Ухаалаг ул суурьтай сонин гэж бичиж байсан миний сэдэл дүгнэлт алдаагүйд баярлаж явдаг. Тийм болохоор би үнэн сонины захиалагч, уншигчаас захиалуулагч хүргэгч түгээгч нь идэвхтэн бичигтнээс нийтлэгч, сэтгүүлч нь болтлоо хамт байсан 50 жилийн түүхэн үеэрээ бахархаж, Үнэн сонин үргэлж надыг өглөө бүр шинэ мэдээлэл мэдлэгтэй угтан баярлуулагч минь гэж хэлэх захиалагч миний үг оносон байх гэж итгэнэ. Юуны урьд 103 настай Монголын ууган тэр мөртлөө олон зуун дүү нараа өлгийдөн дагуулсан Монголын сонин хэвлэлийн шинэхэн түүхийг бүтээхэд оюуны эрэлчин болсон Үнэн сониныг нэгэн бодит хүн гэвэл тэрээр монгол түмний эрт эдүүгээд их буян үйлдсэн их ч үйл бүтээсэн олон хүн, нийгмийн түүхийг үг үсэг мөр хуудсандаа багтааж араасаа дагуулж чадсан монголын ууган хэвлэлийн манлай бодлого, нийтлэлийн алсын хараа бодьгал эрдэм мэдлэгийн шимт уурхай, улсын маань түүхийн сан хөмрөг болой гэж хэлэхэд нэн таатай байна. Үнэн надад танд оюуны болон амьдралын залуурч болсон агуу гавьяатай, захиалагч бидний өдөр бүрийн гэгээн сурталч мөн гэдгийг бахархан хэлмээр байна.
Үнэн сонины цаг үеэ дагасан шинэчлэлд гүнээ баярлаж байна.
Үнэн сониноо олон жил захиалан уншсан шигээ цаашид ч олон жил нөхөрлөнө. Биднийг үргэлж шинэ мэдээлэлтэй учруулдаг Монголын Үнэн сонин танд талархаж байгаа, олон зуун ахмадуудыг төлөөлж, оюуны шимт талх болсон Үнэн сонин тандаа талархъя. Уншдаг сонин минь улс төргүй, уруу доройгүй бол ухаарал уужрал уншуур сайн байдаг юм.
Ахмад настан Ц.Ядамсүрэн
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )