Засгийн газар авлигын эсрэг идэвхтэй ажиллаж байгааг онцлов

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер-Гмелин болон Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт болон Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцлийн талаар ярилцаж, санал солилцов. Ерөнхий сайд УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ид хэлэлцэж байна.

Сонгогчийн санал гээгддэг, тойрогт барьцаалагдсан үр ашиггүй хуваарилалт, популист улс төр давамгайлдаг одоогийн тогтолцоог өөрчлөхөөр Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан төсөлд тусгасныг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигын индексийг сайжруулах ажлын хэсгийг 2021 онд Хууль зүйн сайдаар ахлуулан байгуулсан. Авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах, авлига үүсгэгч хүчин зүйлүүдийг шийдвэрлэх зорилттой ажиллаж байгааг дурдлаа.

 

 

Эрх зүйн зохицуулалтын хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Мөн төрийн үйлчилгээний цахимжуулалтыг эрчимжүүлж нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг татварын болон бусад системтэй холбох ажил хийгдэж байна.

Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж 5Ш ажиллагааг хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд онцлоод Монгол Улсын экспортын 93 хувь нь уул уурхайн салбар бөгөөд энэ салбарыг ил тод болгох нь авлигын эсрэг тэмцлийн гол зорилт гэдгийг онцоллоо. Транспэрэнси Интернэшл байгууллагатай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, сайн засаглалын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээ тэрбээр илэрхийллээ.

Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген Монгол Улсын Засгийн газар авлигын эсрэг таван чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцлоод цаашид хамтарч ажиллахааа илэрхийллээ. Авлигатай, ялангуяа уул уурхайн салбарын авлигатай тэмцэхэд олон улсын түвшний хамтын ажиллагаа чухал гэдгийг хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top