Шинэ гүйцэтгэх захирлыг хүлээж буй гол даалгавар ӨР БАРАГДУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

2023 оны 05 сарын 17

Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар ТУЗ нь  тус  банкны Гүйцэтгэх  захирал, Тэргүүн дэд захирал, газрын захирлуудыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, томилж, чөлөөлөх эрхтэй байдаг. Түүнчлэн  гүйцэтгэх захирал Н.Мандуулын ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг ТУЗ хэлэлцэж, түүнийг явууллаа. Тус банк өнгөрсөн жил нэг их наяд гаруй төгрөгийн зээл эргэн төлүүлсэн ч энэ жил дахиад тэр хэмжээний зээл төлүүлэх, мөнгө төвлөрүүлэх шаардлагатай байгаа учраас эрх баригчдаас томилолт өвөртөлсөн дараагийн захирлыг ТУЗ баталгаажуулан томилох үйл явц өнөө маргаашгүй өрнөх биз.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банктай холбоотой өрнөж буй үйл явцуудыг тодотгоход, Хөгжлийн банкны асуудлыг Хянан шалгахаар УИХ-аас байгуулагдсан Түр хороо татан буугдсан.  Засгийн газар Хөгжлийн банкны нөхцөл байдлыг хэлэлцээд чанаргүй зээлийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээнүүд авах талаарх арга хэмжээний санал боловсруулан, энэ сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд болон Гүйцэтгэх удирдлагад даалгасан. Тэгэхээр засгаас даалгавар авсан Н.Мандуул ажлаа өгсөн учраас түүний оронд томилогдох шинэ захирал өр барагдуулах төлөвлөгөөгөө засгаар хэлэлцүүлнэ гэсэн үг.

Тодотгоход, Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороо татан буугдсан ч, санал, дүгнэлтүүд нь хэрэгжилт шаардаж буй. Тухайлбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин, засаглалын хэлбэрээр цаашид үйл ажиллагаагаа явуулсан тохиолдолд Хөгжлийн банканд үүссэн хүндрэл бэрхшээл арилахгүй, нөхцөл байдал дахин давтагдах эрсдэлтэй гэж үзсэн.  Иймд Хянан шалгах түр хорооноос Хөгжлийн банкийг татан буулгах, Хөгжлийн банкны үйл ажиллагааг нь өнөөдрийн хэлбэрээр үргэлжлүүлэхэд ямар эрсдэл үүсэх талаар холбогдох тооцоо судалгаа хийсэн байсан.

Хөгжлийн банкны нийт хөрөнгө 2023 оны эхний улирлын байдлаар 3.9 их наяд төгрөг, чанаргүй зээл болон анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөг, хуримтлагдсан алдагдал 455 тэрбум төгрөг байна. Банкны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээрх мөнгөн урсгалын зөрөө 2023 оны 10 дугаар сарын байдлаар 1.03 их наяд төгрөгт хүрэх, 2025 оны 12 дугаар сар хүртэл дунджаар 950 тэрбум төгрөг байх хүлээлттэй байна. Гадаад бондын эх үүсвэрийн батлан даагч нь Засгийн газар бөгөөд Хөгжлийн банкийг татан буулгасан тохиолдолд дээрх алдагдал улсын төсөвт дарамт учруулах, гадаад валютын улсын нөөцөөс төлөгдөх эрсдэлтэй. Ийм нөхцөлд Хөгжлийн банкийг татан буулгах нь хамгийн амархан боловч санхүүгийн хувьд өндөр зардалтай эдийн засгийн хувьд үр ашиггүй. Ирээдүйд дахин хөгжлийн хөтөлбөрүүд санхүүжүүлэх институц байгуулах шаардлага үүссэн нөхцөлд бүгдийг шинээр эхлэх шаардлага тулгарна гэж Хянан шалгах түр хороо дүгнэсэн байгаа юм.

Мөн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдалд, сүүлийн хорь гаруй жилд хэт ойртсон зааг ялгаагүй хаалттай, авлигажсан улс төр, бизнес, банк санхүүгийн санхүүжилтийн тогтолцоо тус банкны засаглал, хүний нөөц, шийдвэр гаргалт, гаргалтад гүнзгий нэвтэрсэн, засаглалын хувьд зохистой зарчим хэрэгжээгүй, улс төрийн хууль бус нөлөөллөөс ангид тогтвортой, мэргэжлийн шийдвэр гаргаж чадаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн. Банкны үндсэн бизнесийн загвар нь тооцоолол, судалгаа шинжилгээнд бүрэн суурилаагүй, орлого олох эх үүсвэрийн болон үйл ажиллагааны зардлыг нөхөх үйл ажиллагааны чиглэл байхгүй, нийт зээлийн санхүүжилтийн дийлэнх нь үндсэн зорилгодоо нийцээгүй, зээлийн зарцуулалт үр дүнд хийх хяналт сул, хариуцлагын тогтолцоо байхгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Цаашид, Хөгжлийн банкны засаглал, удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, банкны хяналтын “Базелийн хороо”-н зарчмууд зэрэг дотоод хяналт ба эрсдэлийн удирдлагын тогтолцооны бүтэц эрх хэмжээг тусгасан засаглалын зарчмуудад үндэслэн банкны засаглалын бодлого эрсдэлийн бодлогыг боловсруулан баталж, хэрэгжүүлэх болон дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг мэргэжлийн түвшинд, ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бус байдлаар шийдвэрлэх чадвартай Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, тэдэнтэй гэрээ байгуулж ажиллах, гүйцэтгэх удирдлагыг багаар нь сонгон шалгаруулж, гэрээ хийн, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах зэрэг өөрчлөлтийг хийх шаардлагатай хэмээн Хянан шалгах түр хорооны санал дүгнэлтэд дурджээ. Мөн олон улсын банк санхүүгийн стандартад нийцүүлж Хөгжлийн банкны эрх зүйн орчин, дүрэм журмуудыг шинэчлэх шаардлагатайг тодотгосон байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top