Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа - 2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Соёлын яамны Стратеги төлөвлөгөөний хүрээнд хэрэгжиж буй “Соёлын сэргэлт - 2023” аяны Говийн бүсийн нээлт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зургадугаар сарын 05-ны өдөр болно.
Нээлтийн арга хэмжээнд Соёлын дэд сайд М.Батбаяр болон ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар Өмнөговь аймгийн иргэдэд зориулан илтгэл тавих аж. Мөн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Энхбат тэргүүтэй урлаг, соёлын алдартнууд Даланзадгад хотын ард иргэдэд урлагийн тоглолтоор бэлэг барина.
Монголын Үндэсний музей, Дүрслэх урлагийн музей, Театрын музейн хамтарсан “Соёлын сэргэлт – Монгол ахуй” нүүдлийн үзэсгэлэн Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт дэлгэгдэнэ.
Түүнчлэн Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монголын Үндэсний музейн “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал” боловсролын хөтөлбөр, “Шидэт эрдэнийн эрэлд” анимейшн хүрнэ. “Соёлын сэргэлт - 2023” аян зургадугаар сарын 6-12-ны хооронд Өмнөговь аймгийн 14 суманд мөн хүрнэ.
Сэтгэгдэл ( 0 )