Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд ес дэх жилдээ зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон гадаад, дотоодын аялал жуулчлалын тур оператор компани зэрэг нийт 180 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тодруулбал, Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо буюу Монгол, ОХУ, БНХАУ-ын төлөөллүүд, БНСУ-ын аяллын компаниуд оролцож байна.
Тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр дотоодын аялагч нарт зориулсан аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь, үйлчилгээний талаарх мэдээллийг авах боломжтой.
Түүнчлэн Элчин сайдын яамд, соёлын төвүүд, аялал жуулчлалын газрууд улсынхаа соёл урлаг, аялал жуулчлалыг сурталчлах юм. Энэ үеэр хилийн чанадад аялах хөтөлбөр, аяллын зөвлөгөө, мэдээлэл авч болно. Мөн дотоодын аялагчдад зориулсан аяллын даатгал, түрээс, зуучлал, тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл авч, хэрхэн аяллын бэлтгэлээ ханган, байгальд ээлтэй аялах талаар санаа авах боломжтой.
Өнгөрсөн баасан гарагт /2023.05.19/ эхэлсэн уг үзэсглэн өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )