Хилчдийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын асуудлаар уулзалт хийлээ

2023 оны 05 сарын 23

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөлтэй 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр хилчдийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх насны боловсролын асуудлаар хамтарсан уулзалт хийлээ.

Дээрх уулзалтаар Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын өнөөгийн нөхцөл байдлын талаар ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Амарсанаа, алслагдсан бүс нутагт амьдарч байгаа сургуулийн өмнөх насны хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах боломжийн талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, хүүхэд харах үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар ХНХЯ-ны Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар нар тус тус мэдээлэл хийсэн юм.

Уулзалтаас хилчдийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалын төсөл боловсруулах, мөн хилчдийн хүүхдүүд, хилчин эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top