Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 1.4 дэх заалтад Засгийн Газрын “ТУСГАЙ САН”-гийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгож, мөн тухай бүр “Шилэн индекс” гаргаж ажиллахыг надад үүрэг болгосон.
Уг албан даалгаврын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 25 тусгай сан байдгаас 9 тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn системд нээлттэй, ил тод болгоод байна. Үлдсэн 16 сангаас 2 тусгай сан буюу “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 181 дүгээр зүйлд 181.6 дахь хэсэгт заасны дагуу “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мэдээлэл нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нууцын зэрэглэлд хамаарч байна.
Иймд үлдсэн 13 тусгай сангуудын мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгаа бөгөөд хэрэгжилт дараах байдалтай байна.
Үүнд
Мэдээллээ бүрэн ирүүлсэн ба ирэх 7 хоногт нээлттэй байршуулах: нийт 3 сан.
-БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан
-ЦХХХЯ-ны харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
-БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан
Мэдээллээ дутуу ирүүлсэн буюу нэмэлт мэдээлэл ирүүлэх шаардлагатай: нийт 3 сан.
-БШУЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан,
-ГХЯ-ны харьяа Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан,
-ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийг дэмжих сан
Огт мэдээлэл ирүүлээгүй буюу мэдээлэл ирүүлэх шаардлагатай: нийт 7 сан.
-ХЗДХЯ-ны харьяа- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан,
-Архидан согтуурахтай тэмцэх, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
-ЭМЯ-ны харьяа- Эрүүл мэндийн даатгалын сан
-Сангийн яамны харьяа- Засгийн газрын нөөц сан,
-Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан
-Соёлын яамны харьяа- Кино урлагийг дэмжих сан
Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгаврын дагуу мэдээллээ ирүүлээгүй байгаа Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон бусад мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлагууд 2023 оны зургаадугаар сарын 01-ээс өмнө холбогдох мэдээллүүдийг хуулийн дагуу боловсруулан ирүүлэх шаардлагатай байна.
ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛИЙН ЧАНАР ХАНГАЛТГҮЙ БАЙГАА НЬ ИЛ ТОД БАЙРШУУЛАХАД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА
Shilen.gov.mn Сайт ашиглалтад орсон 2023 оны 3-р сарын 27 – ны өдрөөс хойш хугацаанд “Шил” ажиллагааны info@shilen.gov.mn цахим шууданд 99 мэдээлэл хариуцагч байгууллагаас 300 гаруй багц мэдээллийг ирүүлсэн бөгөөд тэдгээр мэдээллийн чанар, бүрдэл хангалтгүй байгаа нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ил тод байршуулахад хүндрэл учруулж байна.
Жишээ нь зөвхөн дээр дурдагдсан 9 тусгай санг ил болгоход мэдээлэл хариуцагч байгууллагуудаас албан и-мэйл хаягаар 104 удаагийн нэмэлт материал ирүүлсэн бөгөөд үүний 86.5% нь эхэнд ирүүлсэн мэдээлэл дэх техникийн алдааг залруулах, бүрэн гүйцэт болгох, өөрчлөхтэй холбоотой засварууд байв. Мөн тухайн мэдээлэл хариуцагч байгууллага ирүүлж буй мэдээллээ сайн нягтлаагүйтэй холбоотой иргэд, аж ахуй нэгжүүдээс гомдол гаргах тохиолдол ч байна. Тус гомдлыг бид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл хариуцагч нарт шилжүүлэн ажиллаж байна.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН: АЛЬ БАНКАНД ЯМАР НӨХЦЛӨӨР МӨНГӨ БАЙРШУУЛСАН БЭ?
Нийгмийн даатгалын сангийн мөнгийг 2010-2020 онд аль банканд, хэзээ, хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөлөөр байршуулж байсантай танилцаарай. Байршуулсан мөнгөн хөрөнгийн болон Засгийн газрын бондын хүүгээс хэдэн төгрөгийн орлого олсныг он дараалал, инфографикаар харууллаа.
Нийгмийн даатгалын сангийн сүүлийн 14 жилийн орлого, зарлагын түүхийг Shilen.gov.mn-д нэгтгэн байршуулав. Ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмжид хэрхэн зарцуулсныг хувь хэмжээтэй нь танилцуулж байна. Жишээ нь, зардлын 63 хувийг өндөр настны тэтгэвэрт зориулжээ. 2018-2022 оны нийгмийн даатгалын орлого, зарлагыг засаг захиргааны нэгжээр ангилж, газрын зургаас харах боломжтой.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН: ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ 58,2 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА
2012-2022 он буюу сүүлийн 10 жилд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум 797 сая 200 мянган төгрөгийн зарлага гаргажээ. Үүнээс 122 тэрбум 269 сая 277 мянга 100 төгрөгийг нь дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58.2 тэрбум нь эргэн төлөгдөөгүй байна.
Эргэн төлөгдөөгүй 58,2 тэрбум төгрөгийн 18.1 тэрбум нь хугацаа хэтэрсэн. Хугацаа хэтэрсэн өртэй 7.666 иргэн байна. Хууль, шүүхийн шатанд 3.750 иргэнд хамаарах 9.2 тэрбум төгрөг ногдож байгаа юм. Нас барсан 158 зээлдэгчийн 561 сая төгрөг, таслан шийтгэх арга хэмжээ авагдсан 77 хүний 142 сая төгрөг, сураггүй алга болсон 69 иргэнд ногдох 227 сая төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан 4 хүний 9.4 сая төгрөгийн баримтыг shilen.gov.mn сайтаас харах боломжтой.
Аль аймаг, дүүрэг хэдэн төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоод, хэд нь эргэн төлөгдөөгүй мэдээллийг мөн байршууллаа. Баян-Өлгий, Завхан, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар аймаг 1 тэрбумаас давсан, хугацаа хэтэрсэн үлдэгдэлтэй байна.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2010 оноос хойш хувь хүн, хуулийн этгээдэд 25,8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 17.1 тэрбум төгрөг хэвийн бус төлөлттэй байгаа юм. Хэвийн бус төлөлттэй байгаа 15 хуулийн этгээдийн мэдээллийг ил болголоо.
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТА ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Нийгэмд үүсээд байгаа Боловсролын зээлийн сангийн зээлдэгч нартай холбоотой мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхэд иргэд, олон нийт, сэтгүүлчид, олон нийтийн байгууллагууд дүгнэлт хийх, тулган шалгах боломж олгох зорилгоор бодит мэдээллийн эх сурвалж болох Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн 1604 суралцагчид хамаарах 269.3 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлгийн мэдээллийг ил тод байршууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгаврын дагуу байршуулсан тус мэдээллээс 2008-аас 2023 оны зээлдэгчдийн мэдээллийг хайлт хийн харах боломжтойгоор нээлттэй байршууллаа.
ШИЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ЖДҮ САНД 3 ТЭРБУМ 550 САЯ ТӨГРӨГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙГДЭЭД БАЙНА
Өнөөдрийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн мэдээллийг ил болгосноос хойш 3 тэрбум 550 сая төгрөгийн тус тус зээлийн эргэн төлөлтийг хийсэн байна.
ТУСГАЙ САНГУУДЫН ЗЭЭЛДЭГЧ НАРЫН МЭДЭЭЛЛИЙГ МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГЭХ ШААРДЛАГАТАЙ
Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил болгоход нийтлэг ажиглагдаж байгаа асуудал нь чанаргүй зээлдэгч нарын мэдээлэл Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэдэггүй зохицуулалттай байна. Цаашид “Зээлийн мэдээллийн сан”-д эргэн төлөгдөх нөхцөлтэй тусгай сангийн санхүүжилтийн мэдээллийг оруулснаар эргэн төлөлтөд хөшүүрэг болно гэж үзэж байна. Энэхүү саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх болно.
ШИЛЭН ИНДЕКС: 1,8 сая удаагийн хандалт хийгдэж, 345,774 мөр өгөгдлийг мэдээллийн санд оруулаад байна.
Сэтгэгдэл ( 2 )
тусгай сангуудын зээлдэгч нарын мэдээллийг монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэснээр хууль хүн бүхэнд тэгш үйлчилэх эрхийг хангана жирийн иргэны утасны төлбөр хүртэл мэдээллийн санд бүртгэгдээд явж л байна
Өөрийнхөө ждү г мартаагүй биздээ учрал гишүүн тиймч ариун хүн бишшүү эрдэнэчимэг авгайг яалаа