Өмнөд Солонгосын алдартай урлагийн сургуулийн ажилтан 5 сурагчид бэлгийн хүчрхийлэл үйлдсэн болох нь олон нийтэд ил болжээ. Дэлхий дахинд урлаг соёлын хүчтэй давалгаа үүсгээд буй тус улсад энэ төрлийн гэмт хэрэг гарсан нь олон нийтийн анхаарлыг ихээр татжээ.
Тус ахлах сургууль нь алдартнууд бэлтгэдгээрээ алдартай урлагийн сургууль бөгөөд тус сургуулийн сурагчид бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа мэдэгдснээр уг хэрэг ил болжээ. Гэмт этгээд 10 жилийн турш сурагчдад бэлгийн дарамт үзүүлжээ. Эдгээрээс 5 нь гэмт этгээдийн хүчирхийллийн золиос болсон гэдгээ мэдэгджээ.
Тус сургуульд "BTS", NCT Dream, TWICE, ITZY зэрэг алдартай хамтлагийн гишүүд суралцаж байжээ. Мөн олон алдартай жүжигчид уг сургуулийг төгссөн бөгөөд гэмт этгээд сурагчдадаа согтууруулах ундаа өгч, сургуулиас гадуур уулзах санал тавьж, биед нь зөвшөөрөлгүй хүрдэг байсан аж.
Гэмт этгээд сургуульдаа чамгүй нэр хүндтэй багш байжээ. Олон алдартан бэлтгэсэн түүний эсрэг мэдээлэл өгөх нь сурагчдад, тэр дундаа урлагийн сургуулийн сурагчдад хүнд даваа байв. Учир нь урлагийн чиглэлээр суралцаж буй сурагчид ирээдүйд нүүр царайгаара олонд танигддаг учир энэ нь эрсдэлтэй алхам байсан тухай хохирогчид дурдсан байна. Харин гэмт этгээд үүнийг өөрт ашигтайгаар эргүүлэн, сурагчдад бэлгийн хүчирхийлэл үйлдэж байжээ.
Түүний хүчирхийлэлд өртсөн нэгэн сурагч сургуульдаа энэ тухай мэдэгдсэн нь гэмт этгээдийг олонд мэдээлэх томоохон хөшүүрэг болжээ. Уг хэрэг ил болсноор мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн бөгөөд сэжигтний гэм буруутай нь тодорхой болох үед тэрээр амиа хорлон нас баржээ.
Өмнөд Солонгост алдартан болохоор дэлхийн өнцөг булан бүрээс залуус ирэх болсон. Тэдний төсөөлөл болон бодит байдал тэнгэр газар шиг зөрүүтэй байдаг бөгөөд бэлтгэгдэгч хүүхдүүд олон төрлийн хүчирхийлэлд өртөхөөс гадна, хөрөнгө мөнгө, санхүүгийн хувьд алдагдалд орох нь элбэг. Бэлтгэгдэгч төдийгүй алдартнууд хүртэл агентлагтаа луйвардуулах тохиолдол байдаг бөгөөд холбогдох албаныхан энэхүү нөхцөл байдлыг сайжруулахаар ажилласаар байгаа тухай албаныхан мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )