Хамтлагийн гишүүндээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ЯЛ ОНООЛОО

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 31

 

Өмнөд Солонгосын зургаан гишүүнтэй хөвгүүдийн хамтлагийн гишүүн дадлагажигч байх үеэсээ хойш хамтлагийн гишүүндээ хүчирхийлүүлж байсан тухай мэдээлэл ил болсон нь олон нийтийг багагүй цочирдуулсан. Энэ сарын 30-ны өдөр Өмнөд Солонгосын "YNA" агентлагаас хамтлагийн гишүүндээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн алдартанд шүүхээс ял оноосон тухай мэдээлжээ. 

Тус агентлагийн мэдээлснээр хүчингийн хэрэг үйлдсэнтэй дүйцэхүйц танхайн хэрэг үйлдсэн алдартанд шүүхээс 2 жил 6 сарын хорих ял, 3 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Мөн түүнийг 30 цагийн бэлгийн боловсрол олгох сургалтад суухыг шаарджээ. 

Шүүгдэгч 2017-2021 оны хооронд хамтлагийн гишүүндээ гар хүрч, дор хаяж гурван удаа бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэнэ. Тэрээр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн ч заримыг нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас санахгүй байна хэмээн мэдүүлсэн байна.

 

 

Хохирогч энэ хэргийн тухай 2021 онд Ганнам дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгджээ. 2022 оны нэгдүгээр сард прокурорууд сэжигтнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. 

Өмнөд Солонгост алдартан болохоор бэлтгэгдэж буй хүүхдүүд дотуур байранд байрлаж, тус газарт ихэнх цагаа өнгөрүүлдэг. Энэ хугацаанд хүчирхийлэлд өртөх тохиолдол их байгаа нь шүүмжлэл дагуулж эхлээд байна.

Мэргэжилтнүүд агентлагуудыг боловсролын байгууллага биш учраас бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэг хүлээхгүй хэмээж буй. Мөн ихэнх хохирогчид салбарын нэр хүнд болон өөрийн нэр хүндийг харгалзан үзээд хэргийг нуун дарагдуулах тохиолдол их байгааг онцолжээ. Тиймээс уг салбарт шинэчлэлт хийж, гэрээ болон дотоод дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг анхааруулсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top