Удаан хүлээлгэсэн "ХУРД"-ын тоглолтод автомашингүй ирэхийг уриаллаа

2023 оны 06 сарын 02

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2023 оны зургаадугаар сарын 10-нд “Хурд - Түүхт 30 жил" тоглолт болох бөгөөд тоглолтын талаар өнөөдөр /2023.06.02/ мэдээлэл өглөө.


Тоглолтын Ерөнхий найруулгыг On'n Off продакшн гүйцэтгэж, Ерөнхий продюсер, найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн С.Ононбат ажиллаж байна. Амьд хөгжмийн тоглолт маш өндөр шаардлагатай байдаг. Тиймээс хөгжим хэрэгсэл, тайзыг шинэлэг шийдлээр хийхээс гадна хөгжмийн дуугаралт, гэрлийг дэлхийн түвшинд байлгахын тулд Францаас мэргэжлийн техникч, инженерүүд хариуцаж байна.

Хамтлагийн тоглолтын бэлтгэл маш сайн байгааг Отгонбаяр гитарчин онцоллоо. Тэд ирэх даваа гарагаас Төв цэнгэлдэхэд очиж, гадаах тоглолтын бэлтгэлээ хийх аж.

“Хурд” хамтлаг 30 жилийн ойн тоглолтдоо Монголын ард түмний дунд амнаас ам дамжин, үеэс үед хоногшин, домог болон эгшиглэж, дуулагдаж, гэгээрүүлж ирсэн “Цэргийн бодол”, “Эх орон”, “Хамаг Монгол”, “Аавдаа би хайртай”, “Ээждээ”, “Чи минь байгаа болохоор”, “Хайрын улаан сарнай, “Эндүүрэл” зэрэг бүх цаг үеийн шилдэг дуунуудаа дуулахаас гадна рок, попын олон хамтлаг, дуучид тоглолтод оролцож, мэндчилгээ дэвшүүлнэ.

"Хурд"-ынхны үзэгч, сонсогчдод зориулсан сюрприз дуусахгүй. Тухайлбал, "Хурд" хамтлагийн бүх цомгуудыг дахин хэвлэсэн бөгөөд цомгийн цуглуулга бүхий “Металл бокс” гаргажээ. Мөн “ХУРД” гэсэн нэрийн дөрвөн үсгийг оруулан дөрвөн улирлыг бэлгэдсэн дөрвөн пянз гаргаж, Германд хэвлүүлсэн байна.

Үүнээс гадна хамтлагийн 30 жилийн ойн подволк, цамц, CD-нээс гадна бэлэг дурсгалын зүйлс нэлээдийг хийжээ. Амьд хөгжим, шар айргийг салгахын аргаггүй. Тиймээс ч дэлхийн алдартай рок хамтлагууд нэрийн шар айраг гаргасан байдаг. Тэгвэл тус хамтлагийн тоглолтод зориулж үндэсний үйлдвэрлэгч АПУ компани “HURD” нэртэй зөөлөн шар айраг гаргажээ.

Үзэгч, сонсогч фенүүдээ тоглолтын өдөр автомашингүй ирэхийг “Хурд”-ынхан уриаллаа.


 
Харилцах утас: 9913-9933, 8550-0000, 7777-8985, 1900-1950, 1900-1800
 
Тасалбар авах:
 
 
 
 
1900-1950 үнэгүй хүргэнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(204.111.170.39) 2023 оны 06 сарын 03

Хурд хамтлаг монголчуудыг эх орноо хайрлахад уриалан дуудсан.

3  |  0
Top