Монголын волейболчин Т.Пүрэвдоржид БНСУ-ын 3 сургууль санал тавьжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07

Волейболын сургалтаараа нэр хүндтэй Сусонг ахлах сургуульд сурдаг Т.Пүрэвдоржийг Өмнөд Солонгосын Kyongin.com сайт онцлон ярилцжээ.

Төгсийн Пүрэвдорж. 18 настай. Биеийн өндөр 208 см. Өмнөговь аймагт төрсөн. Түүнийг сургуулийнхан нь Пүүжээ гэж дууддаг.

Пүүжээ багийнхны хамт 2023 оны Өмнөд Солонгосын ахлах сургуулиудын болон Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд дараалан түрүүлсэн амжилттай. Ирэх жил оюутан болох Пүүжээд Өмнөд Солонгосын волейболын нэр хүндтэй хамгийн том гурван их сургууль урилга ирүүлээд байгаа юм.

“Монгол Пүүжээ” яагаад Өмнөд Солонгост очсон шалтгаанаа "Би волейболд маш их дуртай. Найзуудтайгаа волейбол тоглохыг хүсдэг. Залуус хэрхэн бэлтгэл хийж байгааг сонирхож, тэдэн шиг болохыг хүсэж байсан учраас Сүсон ахлах сургуульд ирсэн" гэж тайлбарлав.

Пүүжээ монгол хүн ч түүнтэй харилцахад нэг их асуудал байгаагүй. Тэр солонгос хэлийг бие даан судалж, солонгос оронд хурдан дасан зохицохыг хичээж байгаа гэсэн.

Пүүжээ 207 см өндөртэй. 2020 онд Өмнөд Солонгост волейбол тоглох хүсэлдээ хөтлөгдөн иржээ. Кёнбүкийн Андун хотын ахлах сургуулийн волейболын багт тоглож байсан. Дараа нь Сүсон ахлах сургуулийн волейболын багт шилжсэн. Пүүжээгийн төрсөн ах нь волейболчин бөгөөд Монголын мэргэжлийн лигийн тамирчин Т.Доржнамжаа юм.
 


"Мастеруудтай тоглохыг хүсч байна"

Тэр одоогийн сургуулийнхаа амьдралд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, "YouTube-ээс Сүсон ахлах сургуулийн волейболын багийн бичлэгийг олон удаа үзэж байсан" гэв.

Саяхан Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн мэргэжлийн волейболын шалгаруулалтад Монголын тамирчин Орхон нэр дэвшиж, олны анхаарлыг татсан. Орхон өнгөрсөн оны есдүгээр сарын 5-нд болсон 2022-2023 оны мэргэжлийн волейболын эмэгтэйчүүдийн шинэ тоглогчийн драфтын тэргүүн сонголтоор Pepper Savings Bank-аас нэр дэвшсэн бөгөөд энэ улирлаас Өмнөд Солонгосын мэргэжлийн талбайд гарч өрсөлдөх эрхтэй болсон.

Пүүжээ Орхоноос үлгэр дуурайл авч, амжилтанд хүрэхийг мөрөөдөх болжээ. Тэр “Орхоныг хараад, яагаад Монголын эрэгтэй тоглогчид Өмнөд Солонгосын мэргэжлийн лигт дэвшээгүй юм бол гэж бодсон. Магадгүй, би үүний төлөө хичээх болно” гэсэн юм.

Сүсон ахлах сургуулийн волейболын багийн дасгалжуулагч Шин Хи Сеоп Пүүжээгийн боломжийг тун өндрөөр үнэлж байгаа юм. Дасгалжуулагч Шин түүнийг "Пүүжээ Монголд сагсан бөмбөг тоглодог байсан учраас биеийн хөгжил сайн, биеийн тамирын мэдрэмж сайн" гэж магтаж байлаа.

2023 онд Сусон ахлах сургуулийн волейболын багийн гишүүний хувьд Пүүжээ өөрийн багаа аварга болоход нь туслах чин хүсэлтэй байгаа. Тийм ч учраас "Би Сүсон ахлах сургуулийг дараа дараагийн чухал тэмцээнүүддээ олон удаа амжилт гаргана гэдэгт итгэлтэй байдаг" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Эх сурвалж: Kyongin.com

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2023 оны 06 сарын 08

Солонгосын волейбол манайхаас бол дээр л байх, нөхцөл боломж нь ч илүү л биз, гэхдээ волейболоор азидаа япон, хятад хоёр тасархай шүү, үнэхээр сайжрах хүсэлтэй бол энэ хоёрын нэгийг бараадсан нь зөв болох байх аа

0  |  0
БНМАУ(103.212.119.79) 2023 оны 06 сарын 07

Солонгосууд их муу санаатай улс инээлдээд л ПҮҮЖЭЭ гэж дууддаг байх даа.

0  |  0
ahaha(150.129.143.175) 2023 оны 06 сарын 07

hah

1  |  0
Top