Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 60 дахь удаагийн хаалтын тоглолтоо А.Аданы "Жизель" жүжгээр хийх гэж байна.
Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг болох “Жизель” нь анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Парисын "Гранд опера" театрын тайзнаа амилж байжээ. Ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн залуу охин хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн "Фантомууд" хэмээх найраглалыг уншсан Францын урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутье сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч "Жизель" балетын цомнолыг бичсэн байна. Одоо "Жизель" балет дэлхийн олон оронд өөр өөр балетмейстерийн тавилтаар тоглогдож байгаа бөгөөд манай театрын тайзнаа 1979 оны 12-р сарын 22-нд ЗХУ-ын УГЗ балетмейстер Ф.Г.Кайданий дэглэн найруулснаар анх тоглогдож байжээ. Анхны тавилтын ерөнхий зураачаар А.Морозов, удирдаачаар П.Хаянхярваа нар ажилласан байна.
Дүрүүдэд: Жизель Альберт Ганс Мирта, Жизелийн ээж Батильда, язгууртан Альбертын ээж зэвсэгчин II Виллис, уушын газрын эзэн, 8 найз бүсгүй. Жүжгийн олуул хэсэгт балетын жүжигчид, МУК-ын оюутнууд болон симфони найрал хөгжимчид хөгжимдөнө.
Хоёр үзэгдэлтэй энэхүү жүжгийн нэгдүгээр үзэгдэлд бодит ертөнц, хүний амьдралыг харуулдаг бол хоёрдугаар үзэгдэлд романтизмын үеийн бодит ертөнцөөс хальсан хийсвэр сэтгэлгээний сүнсний хэсэг орж ирдэг нь тун ч сонирхолтой.
Дэглэлт найруулга дээр театрын Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва ажиллажээ. Дэлхийн сонгодог бүтээлийн агуулга, үзэгчдэд хүргэж буй утга санаа нь өөрчлөгдөөгүй боловч хөдөлгөөн, хөгжмийн хуваарилалт, шилжилт, жүжиглэлтийн хурд шинэ учраас цоо шинэ мэдрэмжийг үзэгчид авах болов уу.
Тоглолт энэ сарын 17, 18-ний өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Тасалбарыг ticket.mn болон 19001800 дугаараас худалдан авах боломжтой.
Сэтгэгдэл ( 1 )
эдрмийн театр даргаа өөрчлөх хэрэгтэй дээ олон улсад нэрд гарах хүмүүсээ багаа бүрдүүлж мөнгө олох хэрэгтэй шүү алийн болгон төрийг харах вэ дээ түвшинтөр одоо болиоч дээ энд тэнд театрыг сүйтгээд явах юмаа энэ хүнээс ямар ч менежмент төрөхгүй дээ