Н.Мандуул: Арилжааны есөн банк Дээд шүүхэд хандах эрх нь нээлттэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 06 сарын 14

ШӨХТГ-аас өнгөрсөн онд арилжааны нэр бүхий есөн банк иргэдэд ипотекийн болон өндөр дүнтэй зээл олгохдоо зээл судалсны шимтгэл буюу үйл ажиллагааны зардал гэж тооцон, зээлийн дүнгээс нэг хувийн шимтгэл авдаг нь үндэслэлгүй гэсэн шийдвэрийг  гаргасан байдаг. Түүнийг нь арилжааны банкууд эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан ч Давж заалдах шатны шүүхээс өчигдөр (2023.06.13) хэргийг ШӨХТГ-ын талд шийдвэрлэсэн юм. 

Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас өнөөдөр /2023.06.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Н.Мандуул "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар өчигдөр ШӨХТГ-аас есөн арилжааны банканд тавьсан актыг хүчинтэй гэсэн шийдвэр гарсан. ШӨХТГ-аас 2022 оны наймдугаар сарын 12-нд ипотекийн зээлтэй холбоотой арилжааны банкуудын авч байгаа шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулж, үндэслэлтэй тогтоож зөрчлийн үр дагаврыг арилгах албан тоот даалгавар тавьсан байдаг. Үүнийг банкууд эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан. Анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 12-нд болж шийдвэр нь банкуудын талд гарсан. Манай талаас давж заалдаж, өчигдөр манай талд гарлаа. Одоо бид шүүхийн шийдвэрийг албажуулсан байдлаар ирэхийг хүлээж байна. Арилжааны банкууд Дээд шүүхэд хандах эрхтэй, Дээд шүүх хүлээж авах эсэх нь тэдний эрх. Дээд шүүх хүлээж аваагүй тохиолдолд манай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг арилжааны банкууд буцаан олгох нөхцөл үүсэж байна. Зөвхөн 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлийн асуудал л яригдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан биелүүлэх эрх нь бий. Цаашид төлөвлөгөө гаргаж, хэрэглэгчийг хохироосон асуудалд шат дараалалтай орж явна. Одоогоор тодорхой хэлэхэд хэцүү байна. Өргөдөл, гомдол хүлээж аваад судалгаагаа хийсэн тохиолдолд ажиллаад явна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ(103.229.120.235) 2023 оны 06 сарын 14

Энэ залуу жоохонч гэсэн хэрэглэгчдэд хэрэгтэй юм хийчээсэй горьдож бгаашүү

0  |  0
Top