“Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд 26 орноос оролцож байна

2023 оны 06 сарын 20

Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны 19 дэх удаагийн олон улсын сургуулийн нээлт өчигдөр /2023.06.19/ Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж, Нэгдсэн үндэстний байгууллага, дэлхийн улс орнуудтай найрсаг, хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлсээр байгааг онцлов.

Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 2002 оноос хойш 21,000 гаруй цэргийн алба хаагчаа дэлхийн гурван тивд энхийг дэмжих 20 ажиллагаанд оролцуулаад байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн жил НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор бүс нутагтаа анх удаа эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулсан.

АНУ-тай хамтран 2003 оноос зохион байгуулж ирсэн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд өнгөрсөн хугацаанд дэлхийн 67 улсын 18 мянга гаруй цэргийн алба хаагч оролцсон байна.

Тус сургууль нь оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Ази-Номхон далайн бүс нутаг дахь энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх таван том арга хэмжээний нэг болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тэмдэглэв.

Энэ удаагийн сургуульд Бүгд Найрамдах Лаос Ард Улс анх удаа, Бүгд Найрамдах Турк Улс бүрэн бүрэлдэхүүнтэйгээр, нийт 26 орноос оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч олон улсын сургуулийн цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Бүс нутагтаа томоохонд тооцогдох “Хааны эрэлд” сургууль бодлого, төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэх мянган мянган чадварлаг энхийг сахиулагчийг сургаж бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэв.

Тэрбээр энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдад амжилт хүслээ.

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтэд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлагчийн орлогч, хошууч генерал Крис Смит болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, цэргийн атташе нар оролцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top