УИХ-ын гишүүн Т.Тогтохсүрэн Сонгуулийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2023.06.20/ мэдээлэл хийлээ.
Тэрээр “УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн болон О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтатгаж хэлэлцэж, ажлын хэсэг ажиллаж, өнгөрсөн 7 хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталлаа.
Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Энэ хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн. Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульд тусгасан.
Тиймээс үүнийг Сонгуулийн тухай хуульд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ хуульд УИХ-ын 78 гишүүнийг сонгуулийн тойргоос мажоритар буюу олныг төлөөлөх аргаар сонгоно гэж заасан. 48 гишүүнийг хувьд шилжүүлсэн арга буюу пропорциональ системээр сонгоно. УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байна гэдгийг хуульчилж өгсөн.
Гадаад улсад байгаа иргэдээс санал авна. Санал авахдаа зөвхөн жагсаалтаар нэр дэвшигч буюу улс төрийн намуудын нэр дэвшилт дээр санал авна. Тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс дээр гадаадад байгаа хүмүүсийн саналыг авах боломжгүй. Гадаадад байгаа сонгогчдын саналыг өмнө нь хоёр өдөр авдаг байсныг дөрвөн өдөр болгосон.
Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудал бий. Өмнө нь
Санал авахаас 20-оос доошгүй өдөр нэг удаа, мөн санал хураахаас гурав хоногийн өмнө гээд хоёр удаа сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хэлбэрээр өгнө гэж хуульд тусгасан.
Мөн УИХ дээр сонгогчдын нэрсийн жагсаалт бүртгэл, хяналтын дэд хороо гэж байдаг. Энэ дэд хороо цөөнх ахалж байхаар хуулийн төсөлд оруулсан. Энэ нь сонгуулийн дүн гарсны дараа хардалт сэрдэлтийг байхгүй болгохын төлөө юм.
Сонгуулийн тухай өмнөх хуульд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квот 20 хувь байсан. Үүнийг Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 30 хувь болгосон. Цаашдаа Монгол Улс эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдлыг хангах үүднээс нэмэгдүүлж, 2028 оноос 40 хүргэх зорилтыг тавьж байна. Эмэгтэйчүүдэд боломж олгох зорилгоор нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1:1 гэж хуульчилж өгсөн. " гэв.
Сэтгэгдэл ( 0 )