Буйр нуурын мөнгөлөг хэлтэг загас өвчилж хорогдсон байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 26

БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөх ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ хийв. Хэвлэлийн хуралд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин удирдлага зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр, Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Ганзориг нар мэдээлэл өглөө.

Хурлаар яригдсан асуудлыг тоймлон хүргэвэл:

 

ХӨВСГӨЛИЙН УТХГ-Т АМРАЛТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХДАА ЗӨВШӨӨРЛӨӨР ОЛГОГДСОН ГАЗРЫН ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ ХЭТРҮҮЛЭН АШИГЛАХ ЗӨРЧИЛ НИЙТЛЭГ БАЙНА.

Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, тодотгол хийлгээгүй /23/, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох газраар батлуулж, мөрдөж ажиллаагүй /37/, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй, ус ашигласны төлбөрөө төлөөгүй /21/, усан сан бүхий газарт хэсэгчилсэн давхцалтай /18/, ойн сан бүхийг газарт хэсэгчилсэн давхцалтай /41/, зөвшөөрөлгүйгээр талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан, талбай хэтрэлтэй, солбицол алдаатай /23/, газрын тусгай зөвшөөрөлгүй, сунгуулахаар хүсэлт хүргүүлсэн /14/, шаардлага хангахгүй жорлонтой /2/, хог хаягдлыг тээвэрлүүлэх гэрээ байгуулаагүй /23/, хог хаягдлыг ангилан ялгаагүй /60/ зэрэг зөрчлүүд илэрлээ.

Нүхэн жорлон ашиглаж байгаа зөрчлийг арилган стандартын шаардлага хангасан сайжруулсан эко жорлон суурилуулах ажлыг зохион байгуулж, ариун цэврийн байгууламжуудаа шинэчилж байна. Хяналт шалгалтад хамрагдсан 67 аж ахуйн нэгжийн 62 нь нэвчилтгүй бетонон суурь бүхий соруулдаг эко жорлонтой, 3 био, 2 нүхэн жорлонтой байна.

 

БУЙР НУУРЫН МӨНГӨЛӨГ ХЭЛТЭГ ЗАГАС ӨВЧИЛЖ ХОРОГДСОН

Буйр нуурт умард туйлын цэнгэг усны, сэрүүн бүсийн уулархаг ба тал газрын 10 овгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг.

Эдгээр загаснаас зөвхөн Мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байна. Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүссэн байна.

Нуурын хорогдсон загас ихээр гарсан хэсгээс буюу Долоон од амралт болон Онцгой байдлын амралт орчмын ус хөрснөөс микробиологийн дээж авахад 1 гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар /E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ Staphylococcus aereus илэрсэн учраас бохирдол ихтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

 

ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖ, ӨВЧНИЙ СУДАЛГАА, ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2022 оны байдлаар нийт ойн сан бүхий нутагт ойн хөнөөлт шавж, өвчний тархалт 1.4 сая.га, голомттой талбайн хэмжээ 729.8 мян.га талбайг илрүүлсэн. Навч шилмүүсний хөнөөлт зарим зүйлүүдийн шавж болох Шилмүүс хуйлагч эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, Эгэл бийрэн сүүлт эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэй ойн санд хөнөөл учруулж байгааг тогтоосон.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар 2023 онд ой хамгааллын арга хэмжээг онгоц, үүргэн шүршигч, гэрлэн урхи гэсэн аргуудаар нийт 185.000 га талбайд ойн хөнөөлт шавжийн голомттой талбайг хязгаарлах тэмцлийн ажлыг гүйцэтгэж эхлээд байна.

 

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭРХЭМСЭГ ГҮНЖ ЧУЛАБХОРНЫН МОНГОЛ УЛСАД ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж Др. Проф. Чулабхорн Кром Пра Шрисавангавадана 2023 оны 06 дугаар сарын 20-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд

Тайландын талтай аялал жуулчлалын хамтарсан өдөрлөг, соёлын арга хэмжээ, өндөр хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулахаар тохирсон ба цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн болон “Үдийн цай хөтөлбөр” зэрэг хөтөлбөр арга хэмжээнд хамтарч ажиллахаар болов.

 

ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХАД ЯПОН УЛС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хэрэгжиж байгаа төслүүд нь Япон Улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэвшилтэт техник, технологи, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох болон үндэсний хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахад томоохон хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top