Дэлгэр зуны улирал айлчлан ирж байгаатай холбоотойгоор кино урлагийнхан ид хөдөлгөөнд орж байна. Үүнтэй холбоотойгоор олон ч кино нээлтээ хийж байна. Тухайлбал, энэ сарын 30-нд Монголын анхны цус сорогчтой кино нээлтээ хийх нь ээ.
“А Артист пикчерс”-ийн бүтээл “Цус сорогчийн хайр” хэмээх энэхүү кино нь олон зүйлээрээ Монголдоо анхдагч болж буйгаараа онцлог аж. Тухайн киноны продюсер Т.Алтантуяа “Энэ бол Монголын хайр агуулгатай, цус сорогч хэлбэртэй анхны кино. Мөн гурван зохиолчтой. Гуравхан дүртэй. Уг кино зохиолын үүдэл санааг 2015 онд анх олсон бөгөөд долоон жилийн турш боловсруулж бичсэн гэдгээрээ ч анхдагч болж магадгүй. Учир нь сүүлийн үед манай монгол уран бүтээлчид кино зохиолд тийм ч их цаг хугацааг зарцуулдаггүй болсон. Зарим нь бүр зохиолгүй гараад л зургийн талбай дээр очоод шууд зургаа авчихдаг болсон.
Нөгөөтээгүүр манай кино жүжигчдийн көүчтэй ажилласан. Энэ бол бас л Монголдоо анхны гэж хэлж болох онцлог. Үүний зэрэгцээ Монголын кино урлагт цоо шинэ хоёр дүр төрхийг оруулж ирж байна. Энэ бол манай киноны гол дүр болох вампир эрэгтэй болон эмэгтэйн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Шинэбаяр, А.Уянга нар юм. Гуравдагч дүрд “1990”, “Уулын намар”, “Өндгөн толгойт” кинонуудаараа олонд танигдаж яваа залуу жүжигчин Н.Сугармаа тоглосон” гэв.
Сэтгэгдэл ( 0 )