Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны шийдвэр, дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн өнөөдөр /2023.06.26/ танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны гэх хэрэгт холбоотойгоор нийгмийн анхааралд байсан олон арван холбогдогчдоос цөөнгүй нь гэм буруугүй болох нь шүүхээр тогтоогджээ.
Тухайлбал, шүүхээс УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг гэм буруугүй болохыг тогтоосноо танилцууллаа.
Г.Амартүвшин гишүүн шүүхийн шийдвэр гарсны дараа хэвлэлийнхэнд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр үнэн зөвийг ялгаж, шийдвэрээ гаргалаа. Миний биеийг болон Х.Ганхуяг гишүүнийг гэм буруугүй гэж тооцож, цагаатгасан. Миний харж буйгаар шүүх бүрэлдэхүүн нотлох баримт болон бусад мэдээлэлд үндэслэж, шударга шийдвэр гаргалаа.
Та нар санаж буй байх. Бараг жилийн өмнө би өөрийгөө Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор шалгуулъя гэж мэдэгдэл хийж байсан. Өнөөдөр ингээд шүүхийн шийдвэр гараад, би гэм буруугүй гэдгээ нотлоод, цагаадсандаа маш их баяртай байна. Мэдээж хэрэг энэ хугацаанд хамт байсан гэр бүл, найз нөхдөдөө чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.
Намайг сонгосон сонгогчид, дэмжигчдээсээ хүлцэл өчиж байна. Яагаад гэвэл энэ хугацаанд эргэлзээнд оруулж, хэцүү байдалд оруулсандаа чин сэтгэлээсээ хүлцэл өчье.
Энэ хэрэг их урт хугацаанд үргэлжиллээ. Олон оролцогчидтой шүүх хурал боллоо. Гэхдээ ямар ч байсан Монгол Улсын шүүх зөв шийдвэр гаргалаа гэж миний бие үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )