Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 29-30-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулна. Энэ уулзалт нь Монгол Улсад төдийгүй Ази тивд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар болж буй энэхүү арга хэмжээнд дэлхийн бүх бүс нутгийн 19 улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Тодруулбал, нийт бүс нутгийг хамарсан 10 улс, НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одил Рено-Бассо, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Кок-Көүк-Хамилтон зэрэг төлөөлөгчид оролцохоо нотлоод байна.
Жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэй алба хаагчдын тоогоор бүс нутагтаа тэргүүлж буй улсын хувьд Монгол Улсын бодлого байр суурийг сурталчлан таниулах, Гадаад хэргийн эмэгтэй сайдын хувиар феминист чиг баримжаатай гадаад бодлогыг урагшлуулах юм.
Уулзалтаар Гадаад хэргийн эмэгтэй сайд нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Хүнсний аюулгүй байдлыг хангах, Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцооны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Уулзалтад оролцох Гадаад хэргийн эмэгтэй сайд нар өнөөдөр Улаанбаатар хотноо ирж байна.
Сэтгэгдэл ( 0 )