Унгарын шигшээ багийн ахлагч, 22 настай хагас хамгаалагч Доминик Собослаиг Германы “РБ Лэйпциг” Английн “Ливерпүүл”-д 70 сая еврогоор зарлаа. Ингэснээр Ливерпүүл хотын клуб энэ зуны наймаагаар хоёр дахь шинэ тоглогчоо авсан нь хоёулаа хагас хамгаалагч болов. Таван жилийг “Ливерпүүл”-д өнгөрүүлсэн ч хүлээлтэд хүрээгүй Наби Кейта явснаар тус клуб хагас хамгаалагчийн байрлалд тоглогч нэмж авах шаардлагатай болсон. Собослаитай таван жилийн гэрээ үзэглэжээ.
Унгар залуу “Ливерпүүл”-ийн домогт тоглогч Стивен Жеррардын дугаар буюу 8-ыг авсан байна.
“Сүүлийн 3-4 өдөр их удаан өнгөрөх шиг санагдлаа. Сэтгэл санаа тогтворгүй, их ч догдоллоо. Ингээд эцсийн эцэст би энд ирлээ. Одоо хурдхан л тогломоор санагдаад тэсч чадахгүй нь. “Ливерпүүл” бол түүхт клуб. Дасгалжуулагч, хөлбөмбөгчид нь гайхалтай. Миний хувьд ийм клуб, ийм стадионд тоглох болсон минь шат ахисан алхам.
Яагаад 8 дугаарыг авав? гэж асуух байх. Үнэнээ хэлэхэд, би багадаа хөлбөмбөг нэг их үздэг байгаагүй. Гэхдээ нэг удаа үзсэн тоглолт минь Аваргуудын лигийн финал юм. Тэр финалд Жеррард үнэхээр гайхамшигтай байсан. Тэгээд ч миний биед Жеррардын дүр бүхий шивээс бий” гэж Собослаи ярьсан байна.
Тэгвэл “Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Юрген Клопп шинэ хөлбөмбөгчийнхөө тухай “Доминик залуу тоглогч. Түүнд дарамт мэдрүүлэх хэрэггүй. Мөн яаруулах ёсгүй. Бэлтгэлээ хийж, шинэ баг, лигтээ дасах хугацаа өгч, сайжрахад нь туслах хэрэгтэй. Тэвчээртэй хүлээх чухал. Авьяас чадвараа бүрэн нээж гаргах боломжийг нь олгох ёстой. Энэ бол багийн ирээдүйд чиглэсэн наймаа” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )