Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анги байгууллага, салбар нэгжид автомашин гардуулан өглөө

Админ | Zindaa.mn
2023 оны 07 сарын 04

Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын автомашины парк шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр (2023.07.04) эхний ээлжийн 31 автомашиныг анги, байгууллага, салбар нэгжид гардуулан өглөө.

Тус арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа, Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, харьяа анги, байгууллага, салбар нэгжийн удирдлагууд оролцлоо. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг үйл ажиллагааг нээж, хэлсэн үгэндээ "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны уйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хурээнд хууль сахиулах салбарын эрх зүйн орчныг сайжруулан, бүтээн байгуулалтыг дэмжих, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, салбарын автомашин, тусгай зориулалтын техник хэрэгслийн хангалтыг үе шаттайгаар шинэчлэх зэрэг ажлууд хийгдэж байгаа талаар дурдав.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд автомашины парк шинэчлэлтийг хийснээр байгууллагын үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болж, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөл бүрдэж, алба хаагчдын аюулгүй байдал хангагдан, ажиллах нөхцөл сайжирч байгааг онцоллоо. Тухайн автомашинуудыг анги, байгууллага, салбар нэгжүүд чиг үүргээ хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top