2014 оны Дэлхийн аварга, Германы нэгэн үеийн хөлбөмбөгийн гол төлөөлөгч Бастиан Швайнштайгер шигшээ багийнхаа сүүлийн хэдэн жилийн бүтэлгүйтлийг испани дасгалжуулагч Пеп Гвардиолатай холбон, шүүмжилжээ. Түүний өгүүлж буйгаар бол Германы үнэмлэхүй аварга “Байерн Мюнхен”-ийг Пеп Гвардиола хэдэн жилийн хугацаанд удирдсан нь сөрөг нөлөө үзүүлсэн гэнэ.
“Германы шигшээ баг хэцүүхэн байдалд орчихоод удаж байна. Бүхэлд нь дүгнэх юм бол сүүлийн хэдэн жилд олон зүйл өөрчлөгджээ. Гвардиола “Байерн”-д ирэхэд хөлбөмбөгийн хүрээнийхэн бүгдээрээ л богино дамжуулалтаар гоёхон тоглох ёстой юм байна гээд ойлгочихсон юм шиг. Тэгэх ёстой юм шиг бодож л дээ.
Үүний үр дүнд яасан бэ гэхээр бид үнэт зүйлээ алдчихаж. Өмнө нь Германы шигшээ багийг хүмүүс дайчин, хэзээ ч шантаршгүй хүчирхэг машин гэж боддог байлаа. Тоглолтын сүүлчийн шүгэл тасхийтэл амь тавин тэмцэгчид гэж үнэлдэг байж. Гэвч сүүлийн 7-8 жилд бид энэ үнэт зүйлээ алдаж, хүч суларчээ. Одоо бид яаж байгаа вэ гэвэл зүгээр гоёхон дамжуулалт өгөхөд л анхаарах болж. Бүтэлгүйтлийн гол шалтгаануудын нэг бол гарцаагүй энэ мөн” хэмээн Бастиан Швайнштайгер өгүүлсэн байна.
Германы шигшээ баг 2014 онд Дэлхийн аварга болсон эрчээрээ 2016 оны Европын АШТ-ний шөвгийн дөрөвт хүрсэн. Харин түүнээс хойш ДАШТ болон Европын АШТ-д дараалан бүтэлгүйтээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )