Английн “Тоттенхэм” клуб өнгөрсөн улиралд Премьер лигийн дөрөвдүгээр байрт явахад дасгалжуулагч Антонио Конте бараг өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Клубынхээ эздийг шүүмжилснийхээ шанд Конте Итали руугаа буцах тийзээ өөрөө захиалчихсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл клубын эзнийг шүүмжилсэн Контег улирлын дундуур шүүмжлээд авсан хүн бас бий.
Өнгөрсөн улирлын “Тоттенхэм”-ийн тааруухан тоглолтод нэрмээс болсон тэр нэгэн бол бразил довтлогч Ришарлисон. Тэрбээр дасгалжуулагчдаа хоёр цагийн турш загнуулснаа ярьсан байна.
“Надад тоглох хугацаа бараг өгөхгүй байгаа тухай ярьчихсан маань алдаа болсон. Алдаа хийснээ ухамсарлаад уучлалт ч гуйсан. “Би алдаа хийчихлээ. Та намайг буруутгаж, шүүмжилж болно” гээд Антонио Контед би хэлчихсэн юм. Тэгсэн яасан гээч? Босс гэдгээ харуулахын тулд тэр намайг багийн бүх тоглогчийн өмнө хоёр цагийн турш загнадаг юм” хэмээн Ришарлисон ярьжээ.
Аваргуудын лигт “Милан”-д хожигдсоны дараагаар Ришарлисон ярилцлагадаа “Маргааш Конте юу хэлэхийг нь сонсъё. Би ч гэсэн тэнэг амьтан биш шүү дээ. Өдөр бүр хичээн ажиллаж буй мэргэжлийн тамирчин хүн. Би тогломоор байна. Уучлаарай, бүдүүлэг үг хэлчихье. Энэ улирал үнэндээ ...... байна. Надад тоглох хугацаа ч бараг өгөхгүй юм. Ядарч явахад яр гэж, гэмтэл бэртэл ч салсангүй. Уг нь хоёр дараалан сайн тоглоод, өнөөдөр гараанд гарна гэж найдсан юмсан. Гэхдээ одоо тоглуулсангүй гээд уйлалтай биш дээ” хэмээн Ришарлисон хэлснийхээ төлөө уучлалт гуйсан юм.
Харин Антонио Конте маргааш нь ярилцлага өгөхдөө “Тийм ээ, ..... гэж хэлсэн нь бол зөв. Энэ улиралд өөдтэй ч тоглосонгүй. Гэмтэлтэй ч байлаа. ДАШТ-д очоод гэмтчихээд ирсэн. Манай багийн төлөө нэг ч гоол хийсэнгүй. Тиймээс энэ улиралд муу байгаа гэдэг нь үнэнээ л хэлж. Ер нь "бид” гэж ярихын оронд “Би, би” гээд эхлэхээрээ л хүн зөвхөн хувиа бодож буйн илрэл шүү дээ” хэмээн хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )