АНХААР: Голуудын ҮЕРИЙН ТҮВШИН нэмэгдсээр байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 14


Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-90 см нэмэгдэж үерийн түвшинг 15-55 см давсан байна.

​Орхон голын нийт уртын голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-165 см нэмэгдэж, Орхон гол Хархорин орчимд үерийн аюултай түвшинг 135 см даван хүчтэй үерлэж байна.

Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 70 см нэмэгдэж олон жилийн дунджийг давжээ.

Хангай нурууны арын Чулуут, Хойдтамир, Хануй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-105 см нэмэгдсэн бол Хангай нурууны өврийн Түй, Таац, Заг, Идэр 15-30  зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-80 см нэмэгдэж Зэгстэй, Хөгшин-Орхон, Онги голууд үерийн аюлтай түвшиг 15-35 даван үерлэж байна.

Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 30 см нэмэгдэж Сөгнөгөр гол үерийн түвшинг 29 см давсан байна.

​Хэрлэн голын эхээр, Хараа, Ерөө, Хүдэр голууд үерийн түвшинг 25-70 см давсан бол Орхон, Сэлэнгэ голууд Сүхбаатар сум орчмоор, Шарын гол Жимсний станц орчмоор үерийн аюултай түвшинг 5-20 см даван үерлэсэн хэвээр байна.

​Долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчмоор Орхон гол Өлзийт сумаар усны түвшин 50-100 см нэмэгдэх төлөвтэй байна.  

Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top