Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин
Тайландын нийслэл Бангкок хотноо долдугаар сарын 12-16-нд болж буй хөнгөнатлетикийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээний хоёр дахь өдөр болсон эмэгтэйчүүдийн 10 000 метрийн гүйлтэд Монголын үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 327 -р ангийн тамирчин , ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 33:24.79 амжилтаар хүрэл медаль хүртлээ.
Алт, мөнгөн медалийн эздээо Японы Харүка Кокай 32:59.36, Момока Кавагүчи 33:18.72 амжилтаар тодорчээ. Манай шилдэг марафончдын нэг Б.Мөнхзаяа эхний 6 км-т уралдааныг өнгөлсөн.
Тэрбээр алт, мөнгөн медаль хүртсэн Японы гүйгчдээс ердөө 25 болон 6 секундын зайтай барианд орсон нь холын зайд бол тун бага зөрүү юм. Б.Мөнхзаяа маань 33:24.79 амжилтаараа 2014 онд Азийн наадмаар 10 000 метрийн зайд 33:31.11 гүйн, өөрийн тогтоож байсан Монгол Улсын рекордыг 9 жилийн дараа ийн шинэчиллээ. Б.Мөнхзаяа тэмцээний сүүлчийн өдөр буюу долдугаар сарын 16-нд 5 000 метрийн зайд бас хурд, хүчээ сорих юм.
P.S . "Бангкок-2023" хөнгөнатлетикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн дөрвөн тамирчин оролцож буй бөгөөд эхний өдөр Хилийн цэргийн 0208 дугаар тусгай анги,"Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Дамбадаржаагийн Гантулга эрэгтэйчүүдийн 10 000 метрийн зайд 30:31:35 амжилтаар 6-р байрт орсон. Д.Гантулга 5 000 м -т бас хурд сорих юм. Мөн "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Батболдын Солонго эмэгтэйчүүдийн 200 м болон 400 м -ийн зайд, "Алдар" спорт хорооны тамирчин Даваанямын Мягмарсүрэн эрэгтэйчүүдийн 800м,1500м-ийн зайд тус тус уралдана.
Монголын баг тамирчдын дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Батбаярын Доржпалам, Дасгалжуулагч Хаянхярваагийн Уянга нар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
bayr hurgei urgelj shantargui hicheej baigaag chin harj yavdag ulam ih amjilt gargaarai
Сайн, Мундаг тамирчин бүсгүй шүү