24 настай франц довтлогч Килиан Мбаппэ Францын “Парис Сэн Жэрмэйн”-тэй гэрээгээ дахин сунгахгүй гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 30-нд гэрээ нь дуусахыг хүлээж байгаа. Үүний дараагаар өөрийн хүссэн клубтээ үнэгүй очих боломж бүрдэх юм.
Гэлээ ч “ПСЖ” 180 сая евро зарцуулан байж аваад, асар өндөр цалин, урамшууллуудаар угжсан довтлогчоо үнэгүй явуулахыг хүсэхгүй. Тиймээс энэ зун зарахыг зорьж магадгүй. Харин Мбаппэгийн хувьд бол нэг жил үлдээд тоглоход нэг ашигтай тал байгаа нь ирэх есдүгээр сар гэхэд Парисын клуб гэрээний дагуу түүнд “үнэнчийн” гэх тодотголтой 80 сая еврогийн урамшуулал олгох учиртай ажээ. Есдүгээр сар хүртэл багтаа байж байвал 80 сая еврог зүгээр хүртэнэ гэсэн үг.
Мбаппэгийн гэрээний энэ заалтыг олж мэдсэн хэвлэлүүд түүнийг дараа жилийн зун биш харин ирэх өвлийн наймааны цонхоор хүсээд байгаа “Реал Мадрид”-даа очих боломжтой гэж таамаглажээ. Ингэвэл Испанийн “Реал Мадрид” түүнийг авах гэж заавал 200 гаруй сая евро гаргах албагүй. Харьцангуй хямд үнээр улирлын шийдвэрлэх хагаст шилдэг довтлогчтой болчихно. Харин “Парис Сэн Жэрмэйн”-ий хувьд хоосон хоцрохгүй, ямар ч байсан наймааны үнэд багагүй мөнгө авах боломжтой.
“ПСЖ”-ийн ерөнхийлөгч Нассер Эль-Хелаифи “Хэзээ ч Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг үнэгүй явуулж байгаагүй. Хэрвээ Мбаппэ хэлсэн үгэндээ хүрэхгүй байхаар шийдсэн бол миний буруу биш. Бид түүнийг ямар ч байсан үнэгүй явуулна гэж байхгүй” хэмээн мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )