Францын аварга “Парис Сэн Жэрмэйн” багийнхаа гол тоглогч Килиан Мбаппэг үлдэх, явах эсэхийг эртхэн эцэслэн шийдэхээр тодорхой хугацааны тулгалт хийжээ.
Килиан Мбаппэ 2024 оны зунаас цааш гэрээгээ сунгахгүй ч ойрын нэг жилийн хугацаанд бол гэрээгээ биелүүлж, Парисын клубт тоглох боломжтой гэдгээ мэдэгдсэн юм. Харин “ПСЖ”-ийн удирдлага түүнийг гэрээгээ сунгах эсвэл энэ зун зарна гэсэн хоёр л зам байгааг тодорхой мэдэгдсэн. “Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг хэзээ ч үнэгүй явуулж байгаагүй. Тэгэх ч үгүй” хэмээн Парисын клубын ерөнхийлөгч Нассер Эль-Хелаифи мэдэгдсэн юм.
Эхэндээ клубын удирдлагын зүгээс Мбаппэг долдугаар сарын 21 гэхэд шийдээ хэлэхийг шаардсан ч энэ хугацааг хэдэн хоногоор хойшлуулж, долдугаар сарын сүүлчийн өдөр хариугаа хэлэхийг тулгажээ. Өнгөрсөн мягмар гаригт Нассер Эль-Хелаифи багийнхаа бэлтгэл дээр өөрийн биеэр очиж, хөлбөмбөгчидтэй ярилцахдаа “Нөхцөл байдалдаа сэтгэл таагүй байгаа, явахыг хүсч буй хүмүүс байвал явж болно” гэж хэлсэн бөгөөд Килиан Мбаппэтэй үг солилгүй өнгөрчээ. Энэ нь тэдний хоорондын харилцаа таагүй байгааг илтгэлээ гэж Францын спортын сэтгүүлчид дүгнэсэн байна. Нассер Эль-Хелаифи “Клубээс том тоглогч байдаггүй” гэх хөлбөмбөгийн ертөнцийн батлагдаагүй хуулийг дагахаар шийдсэн бололтой.
Килиан Мбаппэгийн хувьд нэг түгшүүр байх ёстой. Хэрвээ тэр явна гэж шийдвэл олон баг үнэ хаяна. Хамгийн өндөр үнэ амласан багт нь зарчих эрх “ПСЖ”-ийн удирдлагад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Мбаппэ өөрийн хүссэн багтаа биш өндөр үнэ амласан багт очиход хүрч магадгүй. Ингэвэл Испанийн “Реал Мадрид”-д очно гэсэн найдвар дахин хэдэн жилээр хойшлох магадлал бий.
Сэтгэгдэл ( 0 )