НЗДТГ-аас Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг Засгийн газар, хэлэлцэн дэмжээд буй. Түүнчлэн босгосон санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хотын дарга Д.Сумъяабазарт засгаас даалгасан.
Тэгвэл өчигдөр Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад нэн шаардлагатай зураг төсөлтэй зам, замын байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцуулав.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2021 онд нийт 90 байршилд авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулахаар баталсан. 2022 оноос зураг төсөл боловсруулах ажил эхэлж, нийт 73 зураг төсөл бүрэн дууссан байна. Үүнээс зургаан зам барилгын ажлыг 2022 онд хэрэгжүүлж, хоёр ажил бүрэн дуусаж, дөрвөн ажил нь он дамжин хэрэгжжээ.
Өнөөдрийн байдлаар зураг төсөл хийсэн, хөрөнгө оруулалт нь шийдэгдвэл замын ажлыг эхлүүлэх боломжтой 65 зураг төсөл байна. Эдгээр нь түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх бөгөөд нийт 60 км орчим зам юм гэсэн мэдээллийг өглөө.
Хотын дарга дээрх зураг төсөлтэй ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэлийг хангаж, шуурхай зохион байгуулж, ажлын явцыг тухай бүр танилцуулж ажиллахыг даалгасан байна.
Тэгэхээр 500 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар ажиллаж буй нийслэл дээрх хөрөнгө оруулалтгүйн улмаас гацсан 65 төслүүдээс хэдийг нь хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг тооцооллоо хийх төлөвтэй байна.
Мөн нөгөөх хэл ам дагуулсан "Тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх” төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг нийслэл шийдэлцэх үү гэдэг асуудал анхаарал татаж байна.
Учир нь, хотын дарга төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад чиглэсэн "Тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлээс үнэт цаас гаргана гэж жил гаруйн өмнө хэлж байв.
Тодруулбал, жил гаруйн өмнө буюу 2022 оны төсөвт хоёр дахь тодотгол хийхээр ид яригдаж байх үед "Тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх” төслийг Засгийн газраас оруулж ирсэн юм. Тодотголын төслийг дагалдуулан оруулж ирсэн уг төслөө “Шинэ Сэргэлт”-ийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслүүдийн жагсаалтад анхнаасаа багтсан гэсэн мэдээллийг өгч, зүтгүүлсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй, унагаж байсан билээ.
Тодруулбал, уг төслийн эхний ээлжийн шугамын санхүүжилтийг шийдвэрлэхэд шаардлагатай 510 сая ам.доллартой тэнцэх хөрөнгийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэд/ зөвшөөрсүгэй гэсэн үг өгүүлбэр бүхий УИХ-ын тогтоолын төслийг оруулж ирсэн нь, цагаа олоогүй гэх шүүмж дагуулж, Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм.
Харин хотын дарга Д.Сумъяабазар энэ төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ, Улаанбаатар хотод хөнгөн галт тэрэг зайлшгүй хэрэгтэй, хот өөрийн нөөц бололцоогоо дайчлан хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлж эхлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
Нийслэлийн орлогыг өөрт нь үлдээвэл уг төсөлд шаардагдах санхүүжилтийн тодорхой хэсгийг хот өөрөө гаргах, мөн Засгийн газраас тодорхой хувийг нь гаргах хувилбарыг тооцоолж байгаа гэж байв.Түүний хэлснээр улсын өрийн таазанд нөлөөлөхгүйгээр энэ төслийг хэрэгжүүлнэ гэсэн л дээ.
Үүний тулд Улаанбаатар хот өөрийн эзэмшлийн хөрөнгөө тоолж, бүртгэлжүүлж, 2022 оны есдүгээр сар гэхэд хэдэн их наядын үнэлгээтэй хот болохоо тодорхой болгож, улмаар үнэлгээндээ тулгуурласан үнэт цаас, бонд гаргах зарчмаар ямар ч л байсан энэ төслийг хэрэгжүүлнэ гэж хотын дарга зүтгэсэн.
Улаанбаатарын хувьд түгжрэл гол асуудал мөн боловч, энэ төсөл үнэхээр бодит шийдэл болох уу гэдэг нь анхаарал дагуулсан.
Уг төслийг улсын төсвийн тодотголыг дагалдуулан оруулж ирэхдээ, Засгийн газрын өрийн баталгаа гаргаснаар зээлийн эх үүсвэрийг шуурхай бөгөөд бага хүүтэйгээр авах боломж бүрдэж, төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэх ач холбогдолтой гэж тайлбарлаж байсан.
“Тулгуурт байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний 1 дүгээр шугам төсөл”-ийн /LRT буюу Light Rail Transit/ Техник эдийн засгийн үндэслэлийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нийслэл хүлээн авсан байдаг. ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу хөнгөн галт тэрэгний нийт замын урт нь 49.4 км ба 3 чиглэлийн шугамтай байхаар төлөвлөгдсөн.
Үүнээс 1 дүгээр шугам нь 18.1 км хоёр урсгалтай тулгуурт байгууламж бүхий суурь бүтэц /гүүрэн хэсэг нь 13.6 км, газар дээрх хэсэг нь 4.5 км/ вагон депо, инженерийн барилга байгууламж, дохиолол холбоо, удирдлага зохион байгуулалтын нэгдсэн төвтэй байх бөгөөд төмөр замын царигийн өргөн нь олон улсын стандартын дагуу 1435 мм, манай орны цаг уурын нөхцөлд тохирох хөдлөх бүрэлдэхүүнтэй байх техникийн шийдэлтэй байна.
1 дүгээр шугам нь Буянт-Ухаа 2 хорооллоос эхлэн Нисэх-Яармагийн дагуу Чингисийн өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, зүүн 4 зам, Сансарын тойрог хүртэл байхаар байгаа бөгөөд нийт 15 зогсоол болон 11 гүүрэн тулгуурт буудал, үүний 4 нь газрын түвшний буудал байхаар төлөвлөгдөж байна” гэсэн байгаа юм.
Түүнчлэн “Тулгуурт байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэгний 1 дүгээр шугам төсөл”-ийн санхүүжилтийн эх үүсвэрт баталгаа гаргах асуудлыг Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэж, УИХ-д танилцуулж шийдвэрлэхээр үүрэг болгосны дараа, төсвийн тодотголыг дагалдуулан оруулж ирж байв.
Уг Гүүрэн тулгуурт хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ боловсруулах судалгааны багийн ахлагч, зөвлөх эдийн засагч Б.Даваасүрэн хэлэхдээ: Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Ажлын хэсэгт гадаад, дотоодын 110 инженер мэргэжилтэн 40 гаруй хоногт хамтарч ажиллаж, хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Хөнгөн галт тэрэг барих, түүний ТЭЗҮ боловсруулах ажлыг анх удаа хийж буй хэрэг биш юм. 2010 онд БНСУ-ын компани анх LRT хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ боловсруулахдаа нэг км замыг 56 сая ам.доллароор тооцсон байдаг. Дараа нь ЖАЙКА олон улсын байгууллага метроны төслийг боловсруулахдаа км замыг 118 сая ам.доллароор барина гэсэн тооцоолол гаргажээ. Гадаад, дотоодын зарим инженерийн тооцооллоор LRT км тутамдаа 73 сая ам.долларын өртөгтэй гарсан нь ч бий. Одоогийн ТЭЗҮ-д тусгасан км тутмын өртгийг өндөр байна гэж ярьж буй хүн байна. Ер нь бол төслийн өртгийг км-ээр тооцно гэдэг өрөөсгөл ойлголт. Харьцангуй ойлголт шүү дээ. Хот төлөвлөлт муутай, дэд бүтэц хийгдээгүй газарт LRT хөнгөн галт тэрэгний өртөг хямд гарна.
15 буудал бүхий 18.1 км зам барихын тулд 926 сая ам.доллар зарцуулах тооцоолол бүхий төсөл. Газар чөлөөлөх зардлаас гадна өндөр хүчдэлийн шугам чөлөөлөх, зам өргөтгөх гэхчлэн бүх зардал багтаад 926 сая ам.доллар болж байгаа юм. Дээрээс нь магадалшгүй ажлын зардалд түүхий эдийн үнэ өсөх, валютын ханшийн өөрчлөлтийг ч багтаасан. Мөн 18.1 км зам тавихын тулд нийтдээ 700 гаруй нэгж газрыг чөлөөлөхөөр тусгасан. Нисэх, “Буянт-Ухаа 2” хороолол орчимд 110 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авна. Тэнд метроны депо, томоохон худалдааны төвүүд, 25 мянган автомашины зогсоол барина” гэхчлэн мэдээлэл өгч байсан.
Түрүүн хэлсэнчлэн Улаанбаатар хотод түгжрэлийн асуудал үндсэн зовлонгуудын нэг мөн боловч, өндөр дүнтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлэхээс өмнө тооцоо судалгаа сайн хийх шаардлагатай. Өрөөр шийдвэрлэж босгож буй санхүүжилтүүд үр ашигтай, өгөөжтэй байх ёстой юм.
Хотын даргын ямар ч байсан хэрэгжүүлнэ гэж хэлж яриад буй хөнгөн галт тэрэгний төслийн тухайд ашиглалтын хугацааг нь 30 жилээр тооцсон бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойш 15-16 дахь жилээс үр ашгаа өгөх тооцоололтой. Төслийн 1 дүгээр шугамд шаардагдах $926 саяын зардлыг 28 жилд нөхнө гэхчлэн тооцоолсон байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Ямар ч мэдлэг боловсролгүй,сэтгэлгүй бөх хүнээр тоглуулаад дууслаа. Хөгжил үнэндээ харагдахгүй бнав