Усны инженерүүд УСАН САН БАЙГУУЛАХ тухайд санал нэгджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай өчигдөр орой (2023.07.24) зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэ үеэр үерийн усны нөхцөл байдал, үерийн даланг хааж барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх чиглэлээр санал солилцсон юм.

Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулжээ

“Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” ХХК хамтран 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсныг танилцууллаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 1966 оны үертэй дүйцэхүйц хэмжээний ус урсан орж ирвэл Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автах юм. 100 жилд нэг удаа тохиох магадлалтай буюу секундэд 2490 шоо метр зарцуулгатай үер орж ирэхэд хотын 40,000 га талбай, үүнээс 34,900 га нь нэг метрээс дээш гүнтэй усанд автана. Улаанбаатар хотод үерийн нийт 153 км далан байгаа ч Туул, Улиастай, Сэлбэ, Дунд голын үерийн далангуудын насжилт хэтэрч, эргийн бэхэлгээ нь эвдэрч гэмтжээ. 

Иймд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд төвийн зургаан дүүргийн суурьшил ихтэй бүсэд Туул голын хойд эргийн хамгаалалтын даланг өндөрлөж, тохижилт хийхээр тусгасан байна. Үерийн эрсдэлээс хамгаалах, урсцыг сайжруулахын тулд Сэлбэ болон Улиастай голд үерийн ус хуримтлуулах сан байгуулж, урсцын тохируулга хийх юм. Ингэснээр суурьшлын бүсийг үерт автахаас сэргийлж, хур тунадас багатай үед голын урсцыг тэтгэнэ.
 


Үерийн хамгаалалтын далангийн хувьд
 

  • Туул гол дагуу таван байршилд 13 км
  • Сэлбэ голын дагуу 10 км
  • Улиастай голын дагуу 9 км даланг шинээр барихаар төлөвлөжээ.

Хүчтэй аадар борооны улмаас ус гуу жалга, сайр даган шавар, шороо, чулуутай холилдон урсах уруйн үерээс хамгаалах 107.6 км хамгаалалтын суваг 58 байршилд бий. Гэсэн хэдий ч ихэнх нь хуучирч муудан, засвар, шинэчлэл хийх шаардлагатай болсон. Иймд төлөвлөгөөний хүрээнд 2040 он хүртэл үерийн хамгаалалтын 345 км суваг, 23 км даланг шинээр хийх юм.

Нийслэлийн хэмжээнд зам, талбайн борооны ус зайлуулах 169 км шугам, 3084 шүүрт худаг, 3601 үзлэгийн худаг, нэг насос станц, 10 насост худаг байна. Борооны ус зайлуулах гол цуглуулагч шугамуудын 70 орчим хувь нь 1990 оноос өмнө хийсэн, 60 орчим хувьд нь лаг, хагшаас хуримтлагддаг. Тиймээс 1987 оноос хойш ашиглаж байгаа насос станцыг өргөтгөж, автомат удирдлага бүхий насос станцыг шинээр барихаар төлөвлөжээ. Түүнчлэн цуглуулагч шугамуудад засвар хийж, зарим байршилд борооны уснаас гадна хөрсний ус зайлуулах шугам сүлжээнээс ус хүлээн авах 280 км цуглуулагч шугам шинээр хийх юм.

Нийслэлд хөрсний ус зайлуулах 24 км шугам, хяналт шинжилгээний 45 цооног байна. Цаашид буюу 2040 он хүртэл 42 цооногийг хөрсний усны түвшин бууруулах болон шүүрүүлэх 58 км байгууламжийг хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.


Энэ үеэр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан “Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” ХХК-ийн удирдлагууд хийгээд усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид саналаа хэлсэн юм.
 

“ПРЕСТИЖ ИНЖЕНЕРИНГ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ш.ГАНЗОРИГ: МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨГ 100 ЖИЛД НЭГ УДАА ТОХИОХ ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙГ ТООЦООЛОН БОЛОВСРУУЛСАН
 


-Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг 100 жилд нэг удаа тохиох үерийн эрсдэлийг тооцоолон боловсруулсан. Долоодугаар сарын 5-наас эхэлсэн үер найман жилд нэг тохиох хэмжээний үер байсан. Төлөвлөлтийг гурван багц бүхий 11 хэсэгтэйгээр 2040 он хүртэл дөрвөн үе шаттай хийхээр боловсруулсан. Одоогоор мастер төлөвлөгөөний хүрээнд ТЭЗҮ-г боловсруулж байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлч гэхэд ажлын зургаа гаргачихсан байхаар төлөвлөж байна. Бид АНУ-ын армийн инженерийн корпусын гаргасан, дэлхийн аль ч улсад хэрэглэдэг загварчлалыг ашигласан. Төлөвлөгөөг боловсруулахад уг загварчлалыг ашиглаж чадах хэмжээний, үндэсний мэргэжилтнүүд хамтран ажилласан гэв. Мөн тэрбээр үерийн эрсдэлтэй бөгөөд чөлөөлөх шаардлагатай байршлуудын судалгааг танилцуулсан юм.
 

“ХАЙДРОДИЗАЙН ПРОЖЕКТ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Н.СОЛОНГО: ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БҮХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ҮЗЭЖ, СУДАЛСАН

 


-Мастер төлөвлөгөөг боловсруулахдаа суурь судалгааг хийсэн. Ингэхдээ инженер техникийн ажилтнууд үерийн хамгаалалтын бүх барилга байгууламжийг газар дээр нь үзэж, судалсан. Борооны ус зайлуулах шугам сүлжээний ихэнх нь 1990 оноос өмнө хийгдсэн, насжилт хэтэрсэн тул бүгдийг нь нэгдсэн цуглуулагчид холбох, томоохон насос станцыг байгуулах шаардлагатай гэж үзээд байна. Мөн Туул голд үерийн усыг хуримтлуулах цогцолбор хийх нь хамгийн чухал. Энэ нь үерийн эрсдэлийг бууруулахаас гадна усан хангамж, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, эко систем, хүрээлэн буй орчинд эерэг өөрчлөлт үзүүлнэ хэмээв.

Түүнчлэн гол дээгүүр гүүрэн байгууламж барихдаа үерийн хамгаалалтын даланг нураасан, үерийн түвшнээс доогуур хэмжээнд барьсан зэрэг зөрчил байгааг хэлж байв. Тэрчлэн Дунд гол доторх бургас усны урсцыг хязгаарлаж байгаа тул нүүлгэн шилжүүлэх саналтай байгаагаа хэлсэн юм.

УСНЫ ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР, ТЕХНИК УХААНЫ ДОКТОР Ц.СОСОРБАРАМ: 60 ЖИЛД НЭГ УДАА БОЛДОГ ИХ ХЭМЖЭЭНИЙ ҮЕР БОЛЛОО
 


-Сэлбэ голын эхэнд 13 га талбай бүхий газарт 300 шоо метр нуур байгуулсан бөгөөд 1.5 жилийн дотор хур тунадсаар дүүргэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч долоодугаар сард орсон гурван өдрийн хур тунадсаар л уг нуур дүүрчихсэн. Өнгөрсөн борооноор 60 жилд нэг удаа болдог их хэмжээний үер боллоо. 120 мм тунадас унасан. Жилийн тунасны хэмжээ 240 мм байдаг. Үертэй тэмцэх гол арга бол урсац тохируулгын усан санг байгуулах юм. Ингэснээр үертэй ч тэмцэнэ, усны нөөцөө ч бүрдүүлж чадна. Үүнийг хийх хамгийн сайн гарц нь төр, хувийн хэвшлийн түншлэл хэмээв.

УСНЫ ГАЗРЫН ДАРГА АСАН З.БАТБАЯР: 40 ЖИЛИЙН ӨМНӨ ХИЙХ ЁСТОЙ БАЙСАН УУЛЗАЛТЫГ ӨНӨӨДӨР ХИЙЖ БАЙНА
 


-Юуны өмнө усны салбарынхантай уулзаж байгаад баяртай байна. Энэ уулзалтыг 40 жилийн өмнө хийх ёстой байсан. Мөн үерийн үед ажилласан ажилтан, алба хаагчдадаа талархал илэрхийлье. Усны тухай хуульд усны хамгаалалтын бүсийг 50 метр зааж өгсөн. Орон нутгийн захиргааны байгууллагын үндсэн үүрэг бол хууль биелүүлэх. Хууль зөрчсөн бол барилгыг буулгаж, зардлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой. Хуулийг хэрэгжүүлээч ээ.

2004 онд Усны тухай хууль батлагдсан ч огт хэрэгжихгүй байна. Тооцооллоор 2035 он гэхэд Улаанбаатар хотыг усаар хангаж чадахгүй болно 2040 он гэхэд улаанбаатарчуудын хоногийн усны хэрэглээ 1 сая шоо метр болно. Одоо байгаагаас гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Үерийн дараа ган болдог. Үүний гол гарц нь усан сан. Борооны ус хуримтлуулах усан сан байгуулъя. Төлөвлөлтийн үндэс ус. Хятадад 23 мянган усан сан, БНСУ-д 19 мянган усан сан байна. Усыг төлөвлөхгүйгээр хотыг хөгжүүлэх боломжгүй. Үерийн хамгаалалтын үндсэн арга ганц далан биш, усан сан хэмээлээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭД ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ САНАЛ ГАРГАВ
 


Улаанбаатар хотын ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа усны инженер, эрдэмтэн, судлаачдын хэлсэн бүхэн цаасан дээр бууж, төлөвлөгөөнд тусах боломжтой гэдгийг онцлоод, Засаг даргын дэргэд эрдэмтдийн зөвлөл байгуулах саналтай байгаагаа уламжилсан юм.

Тэрбээр үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын хэмжээнд бараг бүх амнаас булаг гарч байна. Цаашид усан сан байгуулах, саарал усыг ашиглах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. Санхүүгийн зөв механизм байх ёстой. Үүний тулд төлөвлөлтийг сайн хийх хэрэгтэй” хэмээлээ.
 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Өнөөдөр үүссэн энэ асуудал бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд үүссэн балаг. Иймээс сайн төлөвлөгөө боловсруулж, ирээдүйд дахиж ийм нөхцөл үүсэхээс сэргийлэхийн төлөө ажиллах ёстой. Өчигдрийн орсон бороо зам, замын байгууламжид дүн тавилаа. Ус зайлуулах шугам сүлжээ хангалттай хэмжээнд байхгүй байна. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн олон хотод нөлөөлж байгаа. Цаашид үер усны аюул болохыг үгүйсгэхгүй. Засаг даргын хувьд усны салбарын эрдэмтэд, инженерүүдийнхээ санал бодлыг сонсож, хамтран ажиллана” хэмээн онцолсон юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top