1982 онд ЗХУ-ын кинотеатрын дэлгэцнээ “Не могу сказать, прощай” уран сайхны кино гарч, тэр жилдээ ашиг орлогоороо эхний дөрөвт багтжээ. Энэхүү кино олны талархал хүлээсний гол гавьяа нь жүжигчин бүсгүй Анастасия Иванова гол дүрээ гайхалтай өөриймсөг бүтээж чадсантай холбон тайлбарлаж, магтаж байжээ.
Нарлаг Адлерт төрж өссөн Анастасия Иванова багаасаа жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн явсаар хүссэндээ хүрч, энэхүү киноны гол дүрийг бүтээснээр од болон гялалзжээ. Киноны зураг авалтын үеэр ирээдүйн нөхөр, жүжигчин Борис Невзоровтой танилцсан байна. Тэд хоёр жилийн дараа Полина гэх охинтой болжээ.
“Не могу сказать “прощай””-гийн дараагаар дэндүү амжилттай бүтээсэн дүрийнхээ горыг амсаж Анастасия Ивановад найруулагчид санал тавихаас жийрхэх болжээ. Үзэгч бүр түүнээс “Не могу сказать “прощай””-гийн Лида Теняковын л дүрийг олж харна гэж болгоомжилсон биз.
Гэвч “Батальоны просят огня” киноны санал хэсэг хугацааны дараа ирж, олон үзэгдэлд зураг авахуулчихаад байтал найруулагч нь гэнэт түүний дүрийг өөр жүжигчин бүсгүйд өгсөн байна. Энэ нь Анастасияд сэтгэлзүйн том цохилт өгчээ. Эхнэрээ хүнд байдалд байгааг харж мэдэрч буй Борис Невзоров найруулагч болж, “У попа была собака” киноныхоо нэгэн гол дүрд урьсан байна. Гэвч энэхүү кинондоо Анастасия тоглож чадаагүй юм. Түүнийг өөрийнх нь гэрт хутгалан хөнөөгөөд, дараа нь баараггүйд нь хийхийн тулд мөн боомилж хөнөөснийг цагдаа нар тогтоосон байна.
1993 оны зургадугаар сарын 3-ны орой Борис Невзоров гэртээ орж ирсэн агшнаа ингэж хэлсэн байдаг. “Хаалгаа онгойлгоод ороход харанхуй байсан. Урагшаа хэд алхтал Настягийнхаа биед тээглээд бүдэрч унах шахсан. Ямар аймшигтай байсан гэж санана. Юу хэлж орилж, хашхирснаа ч санахгүй байна” гэж Невзоров өгүүлжээ.
Анастасия Иванова тэр орой гэртээ ганцаараа байж таарчээ. Охин Полина нь Адлерт байдаг эмээгээ эргэхээр явж, харин нөхөр Невзоров нь ажил хөөцөлдөөд оройхон ирсэн байна. Алуурчныг Анастасия гэртээ оруулсан төдийгүй бүр хүндэтгэн ширээ засч дайлсан байж. Тиймээс таньдаг хүн нь иржээ гэж цагдаа нар тооцжээ. Мөн жүжигчин эмэгтэй нас барахаасаа ойролцоогоор 30 минутын өмнө ээж рүүгээ утсаар ярихдаа их тайван, ямар нэгэн айж бэргэсэн шинжгүй байсан гэнэ. Магадгүй энэ агшинд түүний дэргэд алуурчин нь сууж байсан байж таарна. Гэвч түүнээс огт айгаагүй гэж цагдаа нар үзсэн байна. Ээжтэйгээ утсаар ярьснаас нь хойш ойролцоогоор 30 гаруй минутын дараагаар Невзоров гэртээ иржээ. Өөрөөр хэлбэл, 30 минутын хугацаанд алуурчин хэрэг үйлдээд, ул мөргүй алга болжээ. Тиймээс Невзоров “Хэдхэн минутын өмнө гэртээ харьсан бол эхнэрээ аврах боломж байж” хэмээн өөрийгөө зүхдэг гэнэ.
Шинжилгээгээр жүжигчин эмэгтэйг эхлээд хоёр удаа хутгалж хөнөөгөөд, дараа нь үхээгүй байж магадгүй хэмээн боомилсныг тогтоосон байна. 34 настай залуухан жүжигчин бүсгүйг гэрт нь хөнөөсөн тэр таньдаг хүн хэн байв?
Алуурчныг олж чадалгүй удсан юм. Гэтэл 1990-ээд оноос өмнөх хэргүүдийг эргүүлэн шалгаж байгаад яг ижил төстэй байдлаар нэгэн жүжигчин бүсгүйг хөнөөсөн хэрэг байгааг олж мэджээ. Тэр хэргийг Сергей Пресветов гэгч үйлдсэн байж. Хэргийнхээ төлөө 10 жилийн ял эдлээд суллагдсан байжээ. Энэ этгээд яагаад жүжигчин бүсгүйчүүдийг хөнөөдөг юм бол? Гаж донтон уу? гэсэн асуулт гарч ирнэ.
Сергей Пресветов нь Анастасиятай хамт “Не могу сказать “прощай””-д тоглосон Александр Савченкотой танил найзууд байснаас гадна урлагт дуртай, боловсон хүмүүсийн тоонд багтдаг байж. Тийм дүр эсгэдэг ч байсан биз. 1990 онд Савченко зүрхний шигдээсээр өөд болсон учир Пресветовын тухай лавлаж асуух өөр хүн олдсонгүй.
Цагдаа нар цуглуулсан баримтууд дээрээ тулгуурлан тэр орой Пресветов Анастасиягийнд очихдоо Савченко нас барснаас хойш гурван жил өнгөрлөө гэж хэлж, гэрт нь орсон байх магадлалтай гэж үзжээ. Харин Анастасия түүнийг ирэхийг хүлээж байсан уу, эсвэл гэнэт очсон уу гэдгийг тогтоох боломжгүй юм. Ширээ зассан байдлыг харвал огт айж эмээгээгүй, харин ч хүндлэн дайлсан байдаг. Ер нь Сергей Пресветов урлагийнхны хүрээнд хэд хэдэн танилтай, тоглолт, киноны нээлт алгасдаггүй нэгэн байсан бололтой.
Яагаад Анастасияг хөнөөх болсныг ч цагдаа нар тогтоож чадаагүй. Хэргийн газар тэмцэлдсэн ул мөр байгаагүй. Мөн жүжигчин бүсгүйг хүчиндээгүй. Магадгүй гэнэт араас нь хутгалсан байж болох гэнэ. Сергей Пресветовоос яагаад тийм хэрэг үйлдсэнийг асуух ч боломж байсангүй. Учир нь тэр бусдын гарт амь үрэгдсэн байжээ. Гэхдээ яаж гээч? Мөн хутгалуулж.
Пресветовыг нууц амрагийнх нь 13 настай хүү 17 удаа хутгалан хөнөөсөн аж. Ээж рүү нь гар далайхад нь хүү тэсэлгүй хөнөөжээ. Ингэснээр Анастасия Ивановаг юуны учир хөнөөсөн нь учир битүүлэг хэвээр үлдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )