Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг Хөвсгөл нууранд үе шаттай зохион байгуулж байна.
2021.11.07 I ХӨВСГӨЛ НУУРТ 1985 ОНД ЖИВСЭН “СҮХБААТАР” ХӨЛӨГ ОНГОЦЫГ 33 ЖИЛИЙН ДАРАА ТАТАН ГАРГАВ
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэжээ.
“Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1.4-1.9 метр нуурын ёроолд шигдсэн байжээ. Хөлөг онгоцны урт нь 43.3 м, өргөн нь 8.4 м, өндөр нь 5.7 м, 309 тонн жинтэй.
ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид болон цэргийн зөвлөх инженерүүдийн Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу тооцоолол гаргаж, 60 орчим удаагийн таталт хийжээ.
2023.07.01 I ХӨВСГӨЛ НУУРЫН ГҮНД 55 ЖИЛ БОЛСОН ТРАКТОРЫГ ТАТАН ГАРГАВ
Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит тракторыг тусгай техник хэрэгсэл ашиглан амжилттай татан гаргажээ.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэгт Зэвсэгт Хүчний Жанжин Штабын мэргэжлийн удирдлага, ШУТИС-ийн эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын байгууллагын аврагчид, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид багтан ажилласан байна. Татан гаргасан трактораас нийтдээ 390 литр шатахуун, тос, тосолгооны материал гаргаж, нуурын бохирдлыг бууруулсан юм.
2023.07.25 I ХӨВСГӨЛ НУУРЫН ГҮНД 28 ЖИЛ БОЛСОН “ЗИЛ-130” АВТОМАШИНЫГ ТАТАН ГАРГАЛАА
Хөвсгөл нуурын Марааны буланд зохион байгуулсан тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж, Ажлын хэсэгт Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжлийн удирдлага, Онцгой байдлын байгууллагын аврагчид, ШУТИС-ийн эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид багтжээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл нуурын Марааны булангийн эргээс 2500 орчим метр зайтай, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн 58-12ХӨ улсын дугаартай (Ч47-13) “ЗИЛ-130” загварын 17.8 тонн жинтэй чиргүүлтэй автомашиныг тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан татан гаргажээ.
Татан гаргасан шатахуун тээврийн чиргүүлтэй автомашинаас нийтдээ 10 тонн шатахуун, тос, тосолгооны материал гарсан бөгөөд тус бохирдлыг аюулгүй болгож, нуурын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Кто оборудование и 6 ячеек военных понтонных переправ предоставил?