Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны долдугаар сарын 3-23-ны өдрүүдэд 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсний дотор Т.Бадамжунайд холбогдох хэрэг байна.
Түүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2018.02.28-ны өдөр Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлүүдээр шалгасан.
Тодотгоход, өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийх үеэр сайд асан Т.Бадамжунайг хилээр гарахыг хязгаарлан, цагдан хорионоос сулласан тухайд мэдээлэл өгсөн.
Тодруулбал, "Яллагдагчийн өмгөөлөгч яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцээд, өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Яллагдагчийг зайлшгүй цагдан хорих үндэслэл буюу хэргийн бусад хүмүүст нөлөөлөх болон мөрдөн байцаалт, хэргийн нотлох үйл ажиллагаанд саад учруулах зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлан, хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8.1-д заасны дагуу прокурор, оролцогч тус шүүхийн Ерөнхий шүүгчид гурав хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй боловч Хяналтын прокурорын зүгээс гомдол гаргаагүй учир шүүгчийн захирамж хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон. Т.Бадамжунайн хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Оргон зайлсан учраас ял нь хүндрэх байх даа хөөрхий дор хаяхад 20 жил.