Премьер лиг наймааны цонхны хугацаанаас болж Саудын Арабын лигээс айж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 29

Английн Премьер лигийн энэ зуны наймааны цонхыг орон нутгийн цагаар есдүгээр сарын 1-ний 23:00 цагт хаахаар товлосон. Гэтэл Саудын Арабын лигийн хувьд наймааны цонх нь есдүгээр сарын 20-нд хаагдах ажээ. Энэ нь Премьер лигийн удирдлага, клубүүдийг айдаст автуулж байгаа гэнэ.

Премьер лигийн наймааны цонхоо хааснаас хойш 19 хоногийн хугацаанд Саудын Арабын лигийн клубүүд хөлбөмбөгчдийг нь өндөр цалингаар урвуулан авбал орлуулах тоглогч авах боломжгүй болж, аргагүйдэх юм.

Энэ зун л гэхэд Премьер лигийн хэд хэдэн нэр алдар бүхий хөлбөмбөгчид Саудын Арабын лиг рүү явлаа. “Ливерпүүл”-ийн ахлагчийн туузтай саяхныг хүртэл тоглож явсан Жордан Хендерсон долоо хоногийн 700 мянган еврогийн цалингийн саналыг хүлээн авч “Аль Иттифак”-т очсон бол одоо түүний нэг багийн анд Фабиньо “Аль Иттихад” руу очихоор нислэгээ хүлээж сууна. Үүнээс гадна мөн л “Ливерпүүл”-ийн ахлагч асан, “Астон Вилла”-гийн дасгалжуулагч байгаад 16 дугаар байр руу унагасныхаа улмаас халагдсан Стивен Жеррард “Аль Иттифак”-ийг удирдахаар очсоноор Дэлхийн хамгийн өндөр цалинтай таван дасгалжуулагчийн нэг болоод байгаа юм.

Мөн “Манчестер Сити”-гийн алжир жигүүрийн хагас хамгаалагч Рияд Махрезийг Саудын Арабын “Аль Ахли” 30 сая паундаар эгнээндээ элсүүллээ. Энэ багт мөн “Ньюкасл”-ын элдэвтэй жигүүрийн хагас хамгаалагч Аллан Сэн-Максимин очоод байгаа. “Вулвэрхэмптон”-ы португал хагас хамгаалагч Рубен Невеш ч мөн Саудын Арабыг зорьсон бол үргэлж MiniCooper унадаг, шуналгүй гэгдэх Нголо Канте ч “Аль Иттихад”-д очиж, Карим Бензематай нэгдээд байгаа билээ.

Саудын Араб руу хөврөх хөлбөмбөгчдийн цувааг магнайлж очсон хүн бол Криштиано Роналдо. Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр Английн “Манчестер Юнайтед”-тай гэрээгээ цуцлаад “Аль Наср”-т ирсэнээр энэ бүх хөдөлгөөн эхэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top