Гэрэл зургийг Э.Харцага
Дэлхийн оюутны спортын XXXI "Универсиад" наадам БНХАУ-ын Чэндү хотод нээлтээ хийлээ. 2021 онд зохион байгуулагдах байсан тус наадам нь коронавирусийн цар тахлын улмаас 2 удаа хойшлогдсон юм.
Наадмын нээлтийн үйл ажиллагаа долоодугаар сарын 29-нд ёслол төгөлдөр болж, Монгол Улсын оюутны баг тамирчид оролцлоо.
Дэлхийн 113 орны төрийн далбаа Чендү хотын Dong'an Lake Sports Park Stadium цэнгэлдэх хүрээлэнд мандаж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин наадмыг албан ёсоор нээж үг хэлэн ёслолын буудлага болов.
2023 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-ны хооронд үргэлжлэх "Чэндү мөрөөдөл биелүүлнэ" уриатай наадам нь COVID-19 тахлын дараа БНХАУ-д зохион байгуулагдаж буй анхны олон улсын спортын наадам юм.
Наадамд 10,000 орчим оюутан тамирчин, албаны хүмүүс оролцож байна. Тамирчид спортын 18 төрөлд 269 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Монголын оюутан тамирчид Чэндүгийн наадамд байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг (эрэгтэй), таеквондо, теннис, туялзуур сэлэм, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн 9 спортын төрөлд 80 тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдөж байна.
Нээлтийн ёслолд Монголын багийн тугийг Улсын арслан Д.Ганхуягийн хүү, сагсан бөмбөгч Г.Дөлгөөн залсан юм.
Сонирхуулахад, Монголын тамирчид 1965 оны Унгарын нийслэл Будапештэд болсон Универсиад IV наадмаас хойш оролцож эхэлсэн түүхтэй.
Сэтгэгдэл ( 0 )