“Алтан цом”-ын барилдаанд Өвөр монгол, Тувагийн бөхчүүд оролцоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 31

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ), "Пример Спорт" телевиз хамтран зохион байгуулдаг "Алтан цом”-ын 2023-2024 оны барилдааны техникийн зөвлөгөөн ирэх есдүгээр сард болж, барилдааныг аравдугаар сараас эхлүүлэхээр болжээ.


Барилдааны зохион байгуулалтад дараах өөрчлөлтүүд орж байгааг аймгуудын дэвжээдийн удирдлага, багш дасгалжуулагчид, бөхчүүдэд хүргэж байна.
 

1. “Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно.

2. Багууд 7 бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг 2023.08.20 дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд хүргүүлнэ.

3. “Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ 8 багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, дараагийн тойргийн барилдаанд оролцоно. Анхдугаар “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тува улсын багууд болох 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан 8 баг нь дараагийн шатны барилдаанд оролцоно.

4. Хоёр дугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана.

5. Хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар 4 хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан 2 баг нь цааш барилдах эрхийг авна.

6. Хэсгийн барилдаанаас шалгарсан 8 баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.

7. Тэмцээний шагналын сан болон багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20,0-200,0 сая төгрөгний мөнгөн шагнал дагалдана.

8. Дэвжээдийн удирдлага, багш нар бусад аймгаас легионер бөхийг заагдсан журмын дагуу багтаа оруулж болох бөгөөд бусад аймгаас легионер бөх авах шаардлагатай бол авах бөхчүүдийн тоог Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд 2023 оны 08-р сарын 20-ны дотор ирүүлнэ.

9. Мөн дэвжээдээс Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд 2023 оны 08-р сарын 20-ны дотор хүргүүлнэ.

“Алтан цом”-ын барилдааны хоёрдугаар шатанд шалгарсан 16 багийг барилдах бөхчүүдийн цолыг харгалзсан оноогоор дүгнэж 1-16 хүртэл жагсаалтыг гаргана.

Жишээлбэл, Начин цолтны оноо 5 бөгөөд Булган аймаг 7 начин цолтон багтаа оруулбал нийт 35 оноотойгоор жагсаалтанд орно.

1. Дархан аварга 12 оноо

2. Даян аварга 11 оноо

3. Улсын аварага 10 оноо

4. Улсын арслан 9 оноо

5. Улсын гарди 8 оноо

6. Улсын заан 7 оноо

7. Улсын харцага 6 оноо

8. Улсын начин 5

9. Аймгийн арслан 4 оноо

10. Аймгийн заан 3 оноо

11. Аймгийн начин 2 оноо

Дээрх оноогоор багуудын жагсаалтыг 1-16 хүртэл гаргаж, 4 хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс эхний 2 баг нь дараагийн шатанд шалгарч барилдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хашир(64.119.21.149) 2023 оны 07 сарын 31

тува, өм-н бөхчүүдийн оноог яаж гаргах юм бол

0  |  0
Top