Хогийн сав угаагч Ренар Францын шигшээг удирдан, ДАШТ-д очлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 31

Энэ өдрүүдэд Австрали болон Шинэ Зеландад хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ болж байна. Энэхүү тэмцээний нэгэн содон дүр нь Францын шигшээ багийн дасгалжуулагч Эрве Ренар юм. Хогийн сав угаагчаар ажиллаж явсан энэ эр сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр ДАШТ-д баг удирдаж буйн зэрэгцээ хоёуланд нь хожил байгуулсан анхны дасгалжуулагч болж түүхэнд бичигдлээ.

Катарт болсон эрэгтэйчүүдийн ДАШТ-д Саудын Арабын шигшээ багийг удирдан очиж, хэсгийн эхний тоглолтдоо Аргентины шигшээ багийг хожиж шуугиан тарьсан. Харин энэ удаад эмэгтэйчүүдийн ДАШТ-д Францын шигшээ багтай ирээд, нэг тэнцэж, нэг хожоод байна.

Францын шигшээ багийн гол тоглогч, хамгаалагч Венди Ренар /ижил нэртэй/ дасгалжуулагч Колин Диакртай зөрчилдөж, тэмцээнд оролцохоос татгалзсаныг хэд хэдэн тоглогч дэмжиж дагаснаар дуулиан дэгдсэн. Үүний улмаас Францын Хөлбөмбөгийн Холбоо дасгалжуулагч Колин Диакрыг ажлаас нь халсан юм. Ингээд Диакрийн оронд Эрве Ренар ажиллахаар ирсэн.

Эрве Ренарын намтарт хогийн сав угаагчаар ажиллаж явсан тэмдэглэгээ бий. 2000-аад оны эхээр дасгалжуулагчийн курст суусан ч өөдтэй ажил олдоогүй гэнэ. Хичээж байгаад Францын тавдугаар дивизионы “Драгиньян”-д дасгалжуулагчаар очсон ч цалин нь маш бага тул давхар ажил хийхээс аргагүйд хүрчээ. Ингээд хогийн сав угаагчийн ажилд орсон байна. Шөнийн 02.30-аас эхлээд найман цагийн турш хогийн савнуудыг угаачихаад өдөр нь дасгалжуулагчийн ажлаа хийнэ.

2022 оны ДАШТ-д Саудын Арабын шигшээг бэлдэж байхдаа нэг удаа хамтдаа ажиллаж байсан Жеймс Хиндмарч руу залгаад “Би яваад очиж болох уу? Өмнө нь хийж байснаа хиймээр байна. Нэг л өдөр. Тэгвэл толгой тархи сэргэх юм шиг бодогдоод” гэчихээд утсаа салгачихжээ. Ингээд урьдын танил ажлаа хийхээр шөнийн 2 цаг өнгөрөөгөөд очиж, жирийн горимоор ажиллаад харьжээ. “Тэр шөнө ажиллахад надад урамтай сайхан санагдсан. Хөлбөмбөгчид болон дасгалжуулагчдыг хүмүүс нийгмээс тасарчихсан саран дээр амьдарч буй хүмүүс гэж ярьдаг юм билээ. Үнэндээ ч хөлбөмбөгийн хүрээлэлд бодит амьдралын асуудлыг мэдэрдэг хүн цөөн. Жирийн хүмүүсийн өмнө тулгардаг асуудлыг мэргэжлийн хөлбөмбөгчид мэдэрдэггүй юм. Гэхдээ хөлбөмбөгийн ертөнц өөрөө хатуу ширүүн шүү” гэж Ренар өгүүлжээ.

Түүнээс сэтгүүлч “Та тэгээд цагаан цамцтай очихоос айсангүй юу?” гэж асуухад “Би цамц биш цагаан өнгийн футболка өмсөж очсон” хэмээн хариулжээ. Яагаад гэнэт цагаан цамцны тухай яриа гарав гэвэл сүүлийн 10 гаруй жил тоглолтод багаа дагуулан очихдоо дандаа цагаан цамц өмсөж байгаа юм билээ.

Ренар хог ачигчаар ажилласнаа өөрөө олонд мэдэгдье, пиар хийе гэж хүсээгүй юм билээ. Сэтгүүлчид л хаанаас ч юм олоод мэдчихэж. Сэтгүүлч түүнээс “Та ямар нэгэн зүйлээ өөрчлөх боломж олдвол яах вэ?” гэхэд “Би их урт хамартай. Гэхдээ одоо дасчихаж дээ. Тэгэхээр өөрчлөхгүй ээ” гэжээ. Ренар уг нь хөлбөмбөг тоглодог байсан ч нэгдүгээр зэрэглэлийн тоглогчдын ур чадварыг ойроос хараад өөрийгөө ойлгож, замналаа өндөрлүүлжээ.

“Хогийн сав угаана гэдэг дасгалжуулагчийн ажлаас хэцүү. Илүү хүнд ажил. Би энэ ажлыг найман жил хийсэн. Одоо амьдралд маань тийм үе таарсанд баярладаг” гэж хэлсэн байна. Ренар олон улсад ажиллаж үзсэн хүн. Английн “Кембриж” клуб, тэгснээ Францын “Шербур” мөн Вьетнамын лиг, Ганын шигшээ, Замбийн шигшээ, Кот`д Ивуарын шигшээ гээд яриад байвал намтар урттай.  2018 оны ДАШТ-д Мароккогийн шигшээг аваад очсон бол 2022 оны ДАШТ-д Саудын Арабтай очсоныг өмнө дурдсан билээ.

За тэгээд, Эрве Ренарын тухай бичил нийтлэлийнхээ төгсгөл түүний хэлсэн үгийг шигтгэе. “Би найман жил шөнийн 2 цагт босоод ажилладаг байлаа. Хогийн сав угаана. Энэ ажил хүнийг хүлцэн тэвчиж чаддаг болгодог юм. Тиймээс одоо магтууллаа ч, хараалгууллаа ч гэсэн хөөрөхгүй, бухимдахгүй байж чаддаг”.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 08 сарын 01

Hudulmur hyniig golno gehees.Hyn hudulmuriig goldogyi baih iostoi.Ene ni sain saihan amidaraliin orgil uym.

0  |  0
S(141.156.129.149) 2023 оны 07 сарын 31

Мундаг

1  |  0
I just зочин(103.229.120.88) 2023 оны 08 сарын 03

Бахархал юм даа. Яадаг юм.

3  |  0
зочин (43.228.130.188) 2023 оны 07 сарын 31

сайхан хүн бн

2  |  0
Top