Даншиг наадамд гаднаас 56 бөх, 50 гаруй эрдэмтэн уригджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 01

Өнөөдөр (2023.08.01) болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам 2023” наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Наймдугаар сарын 5, 6-нд Хүй 7 худагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоос 56 бөх, 17 уран бүтээлч, есөн орны монгол судлаач 50 гаруй эрдэмтэн ирэхээр болсон.

Мөн үндэсний 256 бөхийн барилдаан, буриад болон өвөрмонгол бөхийн төрлөөр тус бүр 64 бөхийн барилдаан болно.

Түүнчлэн жороо, хязаалан, их насны морьдын уралдаан, морьт харваа, сээр цохих, шагайн харваа, үндэсний сур харвааны тэмцээн, “Хүрээ цам ба майдар” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол үндэсний идээний  үзэсгэлэн, “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал болох юм. Тэрчлэн цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн болохоос гадна монгол хувцасны загварын үзүүлбэр, урлаг, соёлын тоглолт, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн" гэлээ. 

Хотын дарга зохион байгуулалтад онцгой анхаарахыг үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top